Хөл хорионы үеэр технологи хөгжүүлэгчид хэд хэдэн бүтээл зохион бүтээжээ

Дэлхий дахинд "Ковид-19"-ийн халдвар тархаж, зарим улсад 4 долоо хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон бол зарим оронд 5-аас 6 сар үргэлжилсэн байна. Тэгвэл  хөл хорионы дэглэмийн үеэр технологи хөгжүүлэгчид ямар бүтээл зохион бүтээсэн болон аль нь хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан талаарх мэдээллийг хүргэе.

"Ковид-19" халдварын тархалт ихтэй үед зоогийн газар, нэн хэрэгцээт бараанаас бусад бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг хаасан нь тооцоолж боломгүй эдийн засгийн уналтыг улс оронд авчирсан юм. Хэдийгээр улс оронд тэг зогсолт хийсэн ч цахим худалдан авалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн чанд дэглэмийн дор хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн нь технологи хөгжүүлэгчдийн хувьд бараа хүргэлтийн Дрон бүтээх суурь нь болсон юм. Дэлхийн нийт 26 орчим улс орох хүргэлтийн Дрон туршиж, ашиглаж эхлээд байна. Хүргэлтийн жижиг нэг Дрон нь хамгийн ихдээ 3 кг хүртэл даацтай ачаа тээвэрлэлт хийдэг бөгөөд  автомашинаар, мотоциклоор явахад хүндрэлтэй газруудад ашигласнаар цаг зав, хүн хүч, бензин тосны зардлаас эхлээд олон зүйлийг хэмнэх боломжтой юм. Түүнчлэн Их Британийн технологи хөгжүүлэгчид гэртээ ганцаараа байдаг ахмад настнуудад зориулж эм хүргэлтийн автомат машин бүтээжээ. Одоогоор ийм төрлийн автомат машиныг Их Британи, Турк зэрэг олон улс орон ашиглаж цар тахлын тархалтыг хязгаарлаад байгаа юм.

Харин цар тахлын өдөрт илрэх тохиолдол буурсан улс орнууд сургууль, цэцэрлэг, зоогийн газар, кино театр, музейн үйл ажиллагааг хүн хоорондын зай барихыг үүрэг болгон нээж эхэлсэн юм. Хэдийгээр ажилгүй иргэдийн тоо дэлхий дахин хэд дахин нэмэгдсэн ч "Ковид-19" халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор технологи хөгжүүлэгчид зөөгч роботуудыг бүтээсэн байна. Тус бүтээл нь хөл хорио, хязгаарлалтын үед хамгийн хэрэгтэй технологи байсан гэж хэрэглэгчид үзжээ. Нийгмийн биет хязгаарыг хадгалах болон хүн хоорондын зай барих журам гарсан нь зоогийн газрын зөөгч роботуудын хэрэгцээг улам бүр нэмэгдүүлсэн байна. Одоогоор ийм төрлийн зөөгч роботыг бүгд найрамдах Хятад ард улс, Япон зэрэг олон улс орон ашиглаж "Ковид-19" халдварын тархалтыг хязгаарлаад байгаа юм.

Тэгвэл дэлхийн дийлэнх улсын засгийн газрын зүгээс ард иргэддээ зориулан "Ковид-19" халдварын талаарх баримт нотолгоотой мэдээллийг хүргэдэг утасны апплекейшн гаргаад байгаа. Энэхүү апплекейшний тухайд цар тахлаар өвчилсөн хүнтэй уулзсан аль эсвэл "Ковид-19"-ийн халдвар авсан байх эрсдэлийг тодорхойлох зэрэг өгөгдлийг тухайн хэрэглэгчийн мэдээллийн сан руу хүргэдэг бүтэцтэй юм. Одоогоор ийм төрлийн апплекейшнийг Их Британи, Турк, Япон, Испани зэрэг улс ашиглаж байна.