Ану-ын зэвсэгт хүчин тив хоорондын баллистик пуужинг устгах туршилтаа амжилттай гүйцэтгэжээ

Өнгөрөгч даваа гарагт Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флотын хөлөг дээр суурилуулсан төхөөрөмжийг ашиглан тив хоорондын Баллистик пуужинг илрүүлж, устгах туршилтыг амжилттай гүйцэтгэснийг Пентагон өчигдөр зарлажээ.

Тус туршилтын үеэр номхон далайн баруун хэсэгт оршдог Маршаллын арлуудаас Америкийн нэгдсэн улсын эх газрыг чиглүүлэн Баллистик пуужин харвасан байна. Тухайн үед Хавайн арлаас зүүн хойд зүгт байсан "Юсс Жон Финн хөлөг "стандарт Мисслэ-3 Интер-Септор" системийг ашиглан эх газар руу харвасан пуужинг илрүүлж, устгаж чаджээ.

Өмнө нь ийм төрлийн туршилтыг Америкийн нэгдсэн улсын Аляск, болон Калифорнийн хуурай газарт гүйцэтгэж байсан бөгөөд анх удаа далай дээр туршсан нь энэ юм байна.

Тив хоорондын Баллистик пуужинг илрүүлж устгах туршилтыг энэ оны тавдугаар сард гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор хойшлуулаад байжээ.

Харин Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчин анх удаагаа далайд байгаа хөлөг онгоцноос тив хоорондын баллистик пуужинг устгаж чадахаа баталсан нь умард солонгосын пуужингийн довтолгоог номхон далай дундаас таслан зогсоох боломжтой гэдгийг илтгэж байгаа юм.