"Ковид-19" халдварын эсрэг вакцинуудын дийлэнх нь буюу 160 гаруй вакцины эмнэлзүйн өмнөх туршилтын шат болох амьтад дээр турших явц үргэлжилж байна. Энэ үе шатны туршилт амжилттай болбол эмнэлзүйн туршилтыг эхлүүлж, хүмүүсийн биед туршина.
Эмнэлзүйн туршилт амжилттай болбол тухайн компани олон нийтэд тарих зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагад албан ёсоор гаргах шаардлагатай юм. Одоогоор Америкийн нэгдсэн улсын хүнс, эмийн хяналтын удирдлагын газар, Европын эмийн агентлаг гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Үргэлжлүүлэн "Ковид-19" халдварын эсрэг хамгийн их хүлээлт үүсгээд байгаа вакциныг танилцуулъя.
Америкийн нэгдсэн улсын биотехнологийн Модерна компанийн бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцины эцсийн шатны туршилтын дүгнэлтээр туршилтад оролцсон сайн дурынхныг 94.5 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.туршилтад 30 мянган хүн оролцсоноос 15 мянган хүнд Плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тарьсан юм. Хэдэн сарын дараах байдлаар идэвхгүй нэгдэл тариулсан 90 сайн дурынханд "Ковид-19" халдварын шинж тэмдэг илэрч, 11 хүний биеийн байдал хүндэрсэн бол үлдсэн 15 мянган хүнд вакцин хийхэд тавд нь цар тахлын шинж тэмдэг илэрсэн ч хүндээр өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй талаар Модерна компанийн эрх баригчид мэдэгджээ. Мөн вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой зовуурь илрээгүй бөгөөд цөөн тоонд нь чичрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн байна. Модерна компанийн эрх баригчид энэ сарын сүүл гэхэд Америкийн нэгдсэн улсын засгийн газраас цар тахлын эсрэг вакциндаа зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд нэг хүнд хоёр тун хийхэд 50-аас 60 Америк доллар орчим үнэтэй болох юм байна.
Харин Америкийн нэгдсэн улсын Физер, холбооны бүгд найрамдах Герман улсын Бионтех компанийн хамтран бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцины туршилтад оролцсон сайн дурынхныг 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа талаар мэдэгдсэн байна. Түүнчлэн тус вакцин 65-аас дээш насны иргэдийг "Ковид-19"-ийн халдвар авахаас 94 хувиар хамгаалж байгааг тогтоожээ. Гуравдугаар үе шатны туршилт нь үргэлжилж байгаа тус вакцины талаарх нэмэлт мэдээлэлд цар тахлын эсрэг вакцин бүх насныханд ижил үр дүн үзүүлж байгаа талаар дурдсан байна. Вакцин хөгжүүлэгчид энэ сарын сүүл гэхэд Америкийн нэгдсэн улсын засгийн газраас цар тахлын эсрэг вакциндаа яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд 3-р шатны туршилтад дэлхий даяар нийт 41 мянган хүн оролцсон юм. Вакцин хөгжүүлэгчдийн зүгээс аюулгүй байдалд ямар нэгэн асуудал байхгүйг цохон тэмдэглэсний зэрэгцээ хоёр тун нь 40 орчим Америк долларын үнээр гарах төлөвтэй байна.
Харин Америкийн нэгдсэн улсын эм, хүнсний хэрэг эрхлэх газраас Физер болон Модерна компанийн хоёр вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох төлөвтэй байгаагаа өнгөрөгч пүрэв гарагт мэдэгдсэн юм. Хэрвээ тус улсын засгийн газар эдгээр вакцинуудад зөвшөөрөл олговол 24 цагийн дотор Америкийн нэгдсэн улсын ард иргэдийг вакцинжуулж эхлэх төлөвтэй байна.
Харин оросын холбооны улсын эрдэмтдийн бүтээж байгаа "Ковид-19" халдварын эсрэг "Спутник 5" вакцины туршилтын дүгнэлт 92 хувийн үр дүнтэй гарсныг эрх баригчид мэдэгджээ. Гуравдугаар шатны туршилтад 43 мянга гаруй сайн дурынхан оролцож байгаа бөгөөд тэдний заримд нь халдварын эсрэг вакцин тарьсан бол үлдсэн хэсэгт нь Плацебо буюу идэвхгүй нэгдэл өгсөн байна.Эхний тунг хийснээс 21 хоногийн дараа шинжилгээний дүнг гаргахад "Ковид-19" халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүнээс 20 нь өвдсөн тул цар тахлын эсрэг вакцины үр нөлөөг 92 хувьтай байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ өвдсөн 20 хүнээс хэд нь Плацебо эм хэрэглэсэн, хэд нь цар тахлын эсрэг вакцин хэрэглэснийг тодорхой мэдэгдээгүй байна.
Тэгвэл бүгд найрамдах Хятад ард улсын биотехнологийн "Синовак" компанийн гарган авч байгаа цар тахлын эсрэг "Короновак" вакцины туршилтад нийт 29 мянган хүн оролцож байгаа юм. Дахин халдварлах боломжгүй болгож идэвхгүйжүүлсэн "Ковид-19" халдварын вирусийн бичил биетнээр хийсэн вакцины нэг, хоёрдугаар шатны эмнэлзүйн туршилт амжилттай болж байгаа талаар дурдсан байна. Туршилтад 700 гаруй эрүүл хүн сайн дураар оролцсон бөгөөд вакциныг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тариулснаас нэг сар орчмын дараа дархлааны хариу урвалыг маш сайн өдөөсөн талаар эмч мэргэжилтнүүд мэдэгджээ.