Өдрийн цагаар нийтийн тээврийн автобусаар зорчих иргэд харьцангуй бага байна

Өчигдрөөс нийслэлийн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Мөн зайлшгүй ажиллах шаардлагатай 13 тусгай салбарын ажилчид, эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэд нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаараа 06.00 цагаас 22.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Тэгвэл өчигдрийн байдлаар иргэдийн явганаар болон автомашинаар замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгджээ. Харин өдрийн цагаар нийтийн тээврийн автобусаар зорчих нь харьцангуй бага байна.

Нийслэлд "Ковид-19" цар тахлын багц өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан хүн амын 90 хувийн хөл хөдөлгөөнийг  хориглох зорилгоор нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр оролцоход тодорхой хязгаарлалт хийсэн. Харин 11-р сарын 21-ний байдлаар халдварын батлагдсан тохиолдлуудын хүрээг бүрэн зурагласан учраас, иргэд эмнэлэгт үзүүлэх гэж байгаа тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэж, өглөөний 06:00-22:00 цаг хүртэл, эм ханган нийлүүлэх байгууллагуудын түгээлтийн машин 24 цаг, QR зөвшөөрлөө авсан хүнсний түгээлтийн тээврийн хэрэгсэл өглөө 07:00-17:00 цаг хүртэл, 13 тусгай салбарын ажилчид өглөөний 06:00-22:00 цаг хүртэл хувийн автомашинаараа зорчих боломжтой болоод байгаа юм. Гэтэл үүний зэрэгцээ өнөөдөр зорчих шаардлагагүй иргэд замын хөдөлгөөнд оролцож, холбогдох захирамжийг мөрдөхгүй, хөл хорионы дэглэмд саад учруулах тохиолдол байна.

13 тусгай салбарын ажилчдыг нийтийн тээврийн автобусанд бөөгнөрөл үүсгэж зорчуулахгүйн тулд нийтийн тээврийн автобусны хуваарийг энгийн горимд шилжүүлж, өглөөний 06:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явах боломжтой болсон. Харамсалтай нь өдрийн цагаар, тэр дундаа амралтын өдрүүдэд автобуснууд 1-2 зорчигчтой, хоосон явах тохиолдол ч өчигдөр гарсан юм. Тиймээс 13 тусгай салбараас нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлдэг ажилчдын судалгааг  гаргаж, өдрийн цагаар хөдөлгөөнд оролцож буй автобуснуудын тоонд өөрчлөлт оруулахгүй бол зорчигчгүйгээр рэйс хийх, шатахуун үр ашиггүй зарцуулагдах эрсдэл байна.

Түүнчлэн замын хөдөлгөөнд хувийн автомашинтай оролцох 13 төрлийн байгууллага, үйл ажиллагаанууд цаашид QR код авна. Тодруулбал үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарч, нийслэлийн холбогдох байгууллагын е-майл хаяг руу тухайн машины зорчих маршрут, байгууллагын регистерийн дугаарыг илгээх шаардлагатай юм байна.