Мөнгөний бодлогын хүүг хамгийн доод түвшинд хүргэж, зургаан хувь болголоо

"Ковид-19" цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор  өчигдөр Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, дөрвөн төрлийн багц шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Тодруулбал, бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх, банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоохоор шийдвэрлэжээ. Мөн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт хийх, хугацаа сунгах арга хэмжээ 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болох байсан. Харин засгийн газраас эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхийг тусгасан учраас хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7-р сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаатай зээлийг нэвтрүүлэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

Ийнхүү Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгжээр бууруулж, 6 хувь болгосноор санхүүгийн зах зээл дээр хамгийн багадаа 3-6 сарын дараа үр нөлөө нь гарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ шийдвэртэй холбогдуулан банкны салбараас гарах зээлийн хүүг тодорхой хувиар хувиар бууруулж, зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээ нэмэгдэх боломжтой болох юм.