Хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед автобусны жолооч нарт бие засах газар олдохгүй байна

Хөл хорионы энэ үед үйл ажиллагаа нь тасалдаагүй аж ахуй нэгжийн ажилчдыг тээвэрлэх зорилгоор нийтийн тээврийн автобус хэвийн горимоор үйлчилгээнд явж байгаа. Тэгвэл эдгээр автобусны жолооч нарт амрах цэг болон хоол идэх  газар байдаггүй байна. Жолооч нар  өмнө нь эцсийн буудал дээрх цайны газар болон тус газрын бие засах газрыг ашигладаг байсан бол хөл хорионоос шалтгаалан бие засах  газар олдохоо больсон талаар хэлж байна. Хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед үйл ажиллагаа нь тасалдаагүй аж ахуй нэгжийн ажилчдыг тээвэрлэх зорилгоор өглөөний 7-10, орой 17-20 цагийн хооронд нийтийн тээврээр хүн хоорондын зайг баримталж, 10-12 хүн тээвэрлэх шийдвэр гараад байсан. Гэвч өнгөрөгч  бямба гарагт буюу энэ сарын 21 ний  өдөр  улсын онцгой комиссын шийдвэрийн  дагуу дээрх хугацааг сунгаж өглөө 06 цагаас оройн 22 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар болсон юм. Тэгвэл хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед өдрийн хоолоо идэх газар болон бие засах газар  олдохгүй байгаа талаар жолооч нар хэлж байна.  Мөн өмнө нь автобусны  4-5  эцсийн буудалд амрах цэг байгуулж байсан хэдий ч нийслэлийн өмчийн газартай хийсэн гэрээний хугацаа дууссан учраас үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй болсон байна. Автобусны жолооч нарт тулгамдаж байгаа дээрх асуудлыг хэзээ шийдвэрлэх эсэх нь асуулт хэвээр байна.