Монгол улс "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" тогтоолд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах чиглэлийг өгсөн юм. Тэгвэл санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудад нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон засгийн газар, санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Иймээс иргэд банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтээ санхүүгийн зохицуулах хорооны цахим хаягаар эсвэл 51-262608 дугаарын утсаар хандан мэдэгдэх боломжтой байна.