Нэгдсэн үндэстний байгууллагаас Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндэд хямрал үүсэж байгаа талаар анхааруулсан байна. Тиймээс улс орнуудын засгийн газруудад хандаж, цар тахлын үеэр иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалжээ. Дэлхий дахинд сүүлийн жил орчмын хугацаанд үргэлжилж байгаа Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн нийт хүн амын 3-ны нэг нь хөл хорионд орж, улмаар цар тахлын нөлөө хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд мөн хямрал үүсгэж эхэлснийг нэгдсэн үндэстний байгууллага анхааруулжээ. Нэгдсэн үндэстний байгууллагын гаргасан "Ковид-19" халдварын үе дэх сэтгэлзүй судалгаанд цар тахлын хор хөнөөл дан ганц хүмүүсийн бие махбодод бус сэтгэцийн эрүүл мэндэд ч мөн сөргөөр нөлөөлж, сэтгэлзүйн хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар дурдсан байна. Жирийн үед ч стрессийн түвшин өндөр байдаг буюу галын фронтод ажиллаж байгаа эмч, сувилагчаас гадна өндөр настан, өсвөр үеийнхэнд цар тахлын үеийн нөхцөл байдал хүнд цохилт болжээ. Тусгаарлалт, цар тахлын айдас, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг нь сэтгэлзүйн хувьд хямрал үүсгэсэн гэж дээрх судалгаанд хариулсан байна. Түүнчлэн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдэд сэтгэлзүйн эмчилгээ нэн шаардлагатай байгаа талаар НҮБ-ын байгууллагын сэтгэцийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Девора Кестел мэдэгджээ. Харин нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс бүх нийтийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг улс орнуудын засгийн газарт уриалсан байна.