А.Ганхүү: 12-р сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй бол бизнесээ эргэн сэргээхэд маш хүндрэлтэй болно

Хатуу хөл хорионы үед төрийн албан хаагчдын 15-20 хувь, хувийн хэвшлийн тодорхой хувь нь л ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн 13 аж ахуйн нэгж байгууллага, үйл ажиллагаанаас бусад арга хэмжээг хориглосноор цалингаас өөр орлогогүй ард иргэдийн хувьд хоёр долоо хоногийн турш "Тэг" зогсолт хийгээд байна. Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжихээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон ч дээрх шийдвэрүүд бодит байдал дээр хэрэгжихгүй байна гэдгийг бизнес эрхлэгчдийн төлөөлөл онцоллоо.

Цар тахал бизнесийн байгууллагуудад хамгийн том доргилтыг өгөөд байгаа. Учир нь ихэнх байгууллагууд энэ оны 1, 2-р улиралд үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, харин 3-р улиралд хэсэгчилсэн хөл хорионы үед бизнесээ дөнгөж сэргээж байсан ч нөхцөл байдал өнөөдрийн зэрэгт хүрчээ. Тэдний хувьд орлого нь зогссон учраас хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдрийн байдлаар тулгамдаад байгаа хамгийн эхний асуудал бол түрээсийн төлбөр болон банкны зээл болжээ. 

Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс бизнес эрхлэгчид рүү чиглэсэн гол арга хэмжээ бол хөнгөлөлттэй зээл гаргах гэлээ. Хэрэв 12-р сарын 1-ээс хэвийн ажиллагаандаа орж чадахгүй бол бизнесээ цаашид дахин сэргээхэд хүндрэлтэй гэдгийг хэлж байна.

Тэгвэл "Ковид-19" цар тахлыг хязгаарлах зорилгоор тогтоосон хатуу хөл хорионы дэглэм нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа нөхцөл байдлыг үнэлэх, тулгарч буй хүндрэл, цаашид шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас судалгаа хийж эхэлсэн байна. Судалгааны үр дүнг энэ долоо хоногт олон нийтэд танилцуулна.