Ипотекийн болон бизнесийн зээлийн үндсэн болон хүүгийн төлөлтийг түр хугацаагаар зогсоох боломжтой  Хэрэглээний зээлийг хойшлуулах хүсэлт гаргасан иргэд хүүгийн төлөлтөө төлнө

Засгийн газрын шийдвэрээр хэрэглээний зээл болон  ипотекийн,  бизнесийн зээлийн эргэн төлөлтийн  хугацааг 2021 оны 7 дугаар сарын нэгний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Дээрх зээлүүдээс ипотекийн болон аж ахуйн нэгж байгууллагад  олгогддог бизнесийн зээлийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг зогсоох боломжтой юм байна. Тэгвэл зээлдэгчид 1-р сарын 30-ны өдөр хүртэл харилцагч банкандаа цахимаар хүсэлт гаргаж тухайн өдрөөс эхлэн зээлийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж эхлэх юм байна.

Иргэд заасан хугацаанд зээлийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах шаардлагатай юм байна. Мөн хүсэлт гаргаж байгаа зээлдэгч нар хэдий хугацаанд зээлийн төлбөрөө  хойшлуулах тухайгаа харилцагч банкандаа мэдээлэх хэрэгтэй юм байна.

Харин арилжааны банкуудын мэдээлснээр хэрэглээний зээлийн хувьд үндсэн төлөлтийг зогсоож байгаа бөгөөд хүүгийн төлөлтийг төлсөөр байх юм байна. Иргэдийн дунд зээлийн хөнгөлөлт эдлэхээр харилцагч банкандаа цахимаар   хүсэлт гаргасан боловч данснаас нь  мөнгө суутгаад байна гэх асуулт байгаа.  Тэгвэл цахимаар хүсэлт гаргасан тохиолдолд банк хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэж гэрээнд өөрчлөлт оруулснаар хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Харин банкнаас хариу мэдэгдэл ирээгүй байгаа, мөн хүсэлт гаргасан ч данснаас мөнгө татсан бол буцаан олгохыг арилжааны зарим банкууд  хэлж байна.