Монгол улс хөл хорионы дэглэмд шилжсэнээс хойш 102, 107, 108 дугаарын утсанд өдөрт хүчирхийллийн шинж чанартай 380-400 дуудлага, мэдээлэл тогтмол бүртгэгдэж байна. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд 7-30 хоног баривчлагддаг бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүмүүжлийн чанартай албадан сургалтад хамруулдаг гэлээ. Гэсэн хэдий ч ахин хүчирхийлэл үйлдэх тохиолдол буурахгүй байгаа юм. Тэгвэл эдгээр иргэдийн сэтгэлзүйн байдлаас хамааран зарим тохиолдолд насан туршид нь сэтгэл зүйчийн хяналтад байх шаардлагатай байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна. Улсын хэмжээнд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах зорилготой 32 түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл хөл хорионы дэглэм тогтоосноос хойш эдгээр байрт хоногтоо 100 гаруй хүн үйлчлүүлж аюулгүй байдал ,хамгаалалтын тусламж үйлчилгээ авч байгаа юм. Нийт хүчирхийллийн дуудлага мэдээлэлд цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээ хийж, гэр бүлийн хүчирхийлэл мөн гэдэг нь тогтоогдвол зохих хуулийн арга хэмжээг авдаг байна.
Тэгвэл сэтгэл судлаачдын үзэж байгаагаар богино хугацаатай сургалтаар хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн сэтгэлзүйг засах үйл явц бага байдаг байна. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг сараар эсвэл улирлын болон насан туршид нь сэтгэл зүйчийн хяналтад байлгах шаардлагатай байдаг байна.
Иймээс манай улс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн болон нөлөөллийн арга хэмжээгээ илүү сайжруулах , баривчлагдах хугацаа дууссаны дараа ч тухайн иргэн болон гэр бүлтэй холбоотой байж шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна нь чухал юм.