Ану-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден засгийн газрын гол зургаан албан тушаалд нэр дэвшүүлсэн хүмүүсээ танилцууллаа

Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байденд тус улсын 80 сая гаруй иргэн саналаа өгсөн нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болжээ. Нэгдсэн улсын дараагийн тэргүүнээр сонгогдох нь тодорхой болсон түүний хувьд цагаан ордны ажилтнуудыг нэрлэсний дараа гадаад бодлогын багаа бүрдүүлж эхэлсэн байна. Тэрээр засгийн газрын гол зургаан албан тушаалд томилж байгаа нэр нөлөө бүхий хүмүүсийг зарлаад байна.Америкийн нэгдсэн улсын гол хэвлэл мэдээллийн хуудсаар тус улсын шинэ ерөнхийлөгч өөрийн гадаад бодлогын багийг засаг захиргааныхаа тулгуур багана болгохоор төлөвлөж байна гэж үзсэн байна.Тодруулбал, ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден төрийн нарийн бичгийн даргын гол албан тушаалд Энтони Блинкенийг нэр дэвшүүлжээ. Тэрээр ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан юм.Харин ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг Жейк Салливан хаших бол нэгдсэн үндэстний байгууллага дахь америкийн нэгдсэн улсын бие төлөөлөгчөөр Линда Томас-Гринфилдыг  томилохоор шийдсэн байна. Харин дотоодын аюулгүй байдлын агентлагийн тэргүүний албан тушаалд Алехандро Майоркасыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр энэхүү албан тушаалд томилогдох хамгийн анхны Латин Америк гаралтай хүн болно.Тэгвэл 17 байгууллагаас бүрддэг үндэсний тагнуулын газрын даргаар Эврил Хейнсийг нэр дэвшүүлсэн,  тэрбээр америкийн нэгдсэн улсын тагнуулын хөтөлбөрийг хариуцах анхны эмэгтэй болох юм байна.Түүнчлэн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Америкийн нэгдсэн улсын сангийн сайдаар холбооны улсын нөөцийн системийн даргын албыг хашиж байсан Жанет Йеллен томилогдох магадлалтай байгаа юм. Тэрбээр энэ албан тушаалын хашсан анхны эмэгтэй болно.Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден хамгийн эхэнд америкийн нэгдсэн улсын Парисын хэлэлцээр, дэлхийн эрүүл мэндийн Байгууллага мөн Ираны цөмийн хэлэлцээрт буцаан оруулах алхмуудыг хийх талаараа мэдэгдээд байгаа юм.Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хэд хэдэн мужийн шүүхэд гомдол гаргаад байгаа хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг өнгөрөгч даваа гарагт зөвшөөрчээ.Энэхүү албан ёсны журмыг эхлүүлснээр нэгдсэн улсын ерөнхийлөгчид өгдөг өдөр тутмын тагнуулын илтгэлийг Жо Байден авах эрхтэй болж байгаа юм. Түүнчлэн Вашингтоны нөлөө бүхий албан тушаалтнуудтай шууд харилцах, ирэх нэгдүгээр сарын 20-нд болох тангаргийн ёслолын бэлтгэлд зориулж олон саяын төсвийг зарцуулах эрхтэй болсон байна.