Өнөөдөр улс тунхагласны 96 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол улс тунхагласны 96 жилийн ой тохиож байна.  Одоогоос 96 жилийн өмнө  буюу 1924 оны энэ өдөр Монголын өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч нийслэл хүрээнд цуглаж, улсын анхдугаар их хурлаа хуралдуулсан түүхтэй. Тус их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхдугаар үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг бүгд найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхаглажээ. Түүхт энэ өдөр 20-р зууны монголын түүхэнд тохиосон онцгой чухал үйл явдал юм. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж, хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Анхдугаар үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Мөн бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь энэ үеэс тавигджээ. Манай улс бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай хэдий ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөхөөр болж байжээ. Энэ нь түүхийн чухал үйл явдлын ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр гэж үзсэн учраас 2016 онд бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрийг "нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон ахин сэргээсэн байна. Ингэснээр бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Манай улс улс тунхагласны баярын хүрээнд үндэсний бөхийн уламжлалт барилдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.  1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн хэдий ч 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй, мөн 2009 онд N1H1 вирусний улмаас олон нийтийн газруудад хөл хорио тогтоогдож зохион байгуулагдаагүй өнжиж байсан юм. Харин энэ жилийн тухайд Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулагдахгүй өнжиж байна.