Иргэд "Ковид-19" цар тахлаас сэргийлэхийн тулд халдвар хамгааллийн дэглэмийг сахиж, амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий болон хамгаалах хувцас хэрэглэж байгаа . Тэгвэл эдгээр хамгаалалтын хэрэгслийг зааврын дагуу зөв зохистой хэрэглэх нь  эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэрэв тухайн хэрэгсэл нь халдварт өртөж, иргэд зааврын дагуу хэрэглээгүй тохиолдолд хамгаалах хувцас, хэрэгслээсээ халдвар авах эрсдэлтэй юм байна. Ковид-19 цар тахлаас сэргийлж амны хаалт болон бусад хамгаалах хэрэгслийг иргэд тогтмол хэрэглэж байгаа ч тухайн хэрэгсэл нь халдварт өртсөн тохиолдолд зөв тайлаагүйгээс үүдэж халдвар авах эрсдэлтэй юм. Амны хаалтыг зүүж,  хэрэглэхдээ эрүү болон хамрын хэсгийг давуулан зүүнэ. Ингэхдээ хамрын хэсэг орчим байрлах төмрийг хамрын өндөрлөг хэсэг орчимд зай гаргахгүйгээр доош дарж өгнө. Харин тайлахдаа амны хаалтын гадаргууд гараа хүргэлгүйгээр 2 резинээс татан авна. ингээд тайлахдаа амны хаалтыг хумиж хогийн сав руу хаях хэрэгтэй бөгөөд амны хаалтыг тайлсны дараагаар гараа ариутгана. Харин нэг удаагийн бээлийний тухайд тайлахын өмнө бээлийгээ ариутгаад гадаргуу хэсгийг нь гартаа хүргэлгүйгээр дотор хэсгийг гадагш эргүүлэн хумиж хогийн саванд хаяна. Тэгвэл хамгаалалтын цагаан хувцасны тухайд ч мөн адил нэг удаагийн зориулалттай бөгөөд зааврын дагуу тайлах шаардлагатай юм. Хамгаалалтын хувцсыг тайлахдаа эхлээд гар эсвэл нэг удаагийн бээлийгээ ариутгах шаардлагатай.  Дараа нь хамгаалалтын хувцасны малгайг хойш татаж тайлна. Үүний дараагаар хувцасны урд хэсгийн цахилгааныг  тайлах бөгөөд тухайн хувцсыг биеэсээ хөндийрүүлж татна. ингээд цээж болон мөр хэсгийг бага зэрэг хойш болгоод мөрөө сэгсэрч хувцасаа доош буулгана. Ингээд гар болон хөлөө хувцаснаас гаргах юм. Ингэхдээ хувцасны дотор хэсгийг гадагш чиглэлд эргүүлэн хумиж хогийн саванд хаяна. Ийнхүү хамгаалалтын хэрэгсэлүүдийг тайлахдаа гадаргууд нь хүрэлгүй хумиж шууд хогийн саванд хаях шаардлагатай юм. Учир нь гадаргууд нь хүний нүдэнд харагдахгүй нян, бактери, вирус наалдсан байх магадлалтай учраас бусад зүйлсэд наалдаж халдвар дамжуулах болон халдвар авах нөхцөлийг бий болгодог байна.