Дэлхий дахинд хөл хорионоос үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1.4 сая хүний аминд хүрсэн "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр хөл хорионд орсон иргэдийн дунд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа тухай нэгдсэн үндэстний байгууллагын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал фатхи вали анхааруулжээ. Хэдийгээр цар тахлын үед хөл хорионы дэглэм тогтоох нь халдварын тархалтыг зогсоох онцгой ач холбогдолтой ч үүнээс үүдэн гарч болох гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг НҮБ-аас улс орнуудын засгийн газарт мэдэгджээ. Өнгөрөгч 2-р сараас эхлэн ковид-19 цар тахлаас үүдэн дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хөл хорионы дэглэмд шилжээд байгаа ч зарим улсуудын хувьд хөл хориог цуцлах үйл ажиллагааг шат дараатай эхлүүлээд байгаа. Тэгвэл хөл хорионд орсон улс орнуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл өмнөх жилүүдээс эрс нэмэгджээ.  Тухайлбал 5-р сарыг хүртэл хатуу хөл хорионы дэглэмд байсан бүгд найрамдах хятад ард улсад гэр бүлийн хүчирхийлтэй холбоотой 2000 орчим дуудлага өдөрт ирж, үүнээс үүдэн амиа хорлосон 400 орчим тохиолдол бүртгэгджээ. Харин Их Британид хөл хорио хэрэгжиж эхэлсэн цагаас хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагууд 2 дахин нэмэгдсэн бөгөөд дан ганц их британид ч гэлтгүй Оросын холбооны улс, Испани, Америкийн нэгдсэн улс тэргүүтэй дэлхийн олон улс оронд эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ мэтчилэн хөл хорионоос үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэгдсэн үндэстний байгууллагаас улс орнуудын засгийн газарт хандан цар тахалтай тэмцэх төлөвлөгөөндөө гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох,  сэргийлэх арга хэмжээнүүдийг зайлшгүй тусгах шаардлагатай байгааг онцолсон юм. Түүнчлэн улс орнуудын засгийн газарт эмэгтэйчүүдийн түр орогнох байруудыг нэн шаардлагатай үйлчилгээний ангилалд оруулж, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд аюулгүй арга замаар тусламж эрэх боломж бололцоогоор нь хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахыг уриалжээ. Тэгвэл жил бүрийн 11-р сарын 25-ны өдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиодог бөгөөд энэ үеэр Испани, Бельги, Итали болон Унгар улсад хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан тайван жагсаал зохион байгуулагдсан байна.