БНСУ: БНАСАУ-тай харилцаа холбоогоо сэргээх хүсэлтэй байна

Өнгөрөгч 6-р сарын 16-ны өдөр Кэсон хотод байрлах 2 Солонгосын холбооны байрыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын талаас дэлбэлсэн юм. Удирдагч Ким Жон Ун, түүний гэр бүлийн гишүүдийг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг өмнөд солонгосын талаас илгээж байгаад дүргүйцснээ илэрхийлэн ийнхүү арга хэмжээ авсан гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл Бүгд Найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайд Кан Кюн Ва байнгын харилцаа холбооны шугамыг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрөгч 6-р сард хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болсны 20 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хөх ордонд үг хэлэхдээ 2018 оны уулзалтын үеэр хийсэн тохиролцооноосоо буцахгүй байхыг Умард Солонгосын талд уриалж байсан юм.  Харин Умард Солонгосын Пёньян хот руу ухуулах хуудас илгээснийг дээрх онд байгуулсан хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн хэмээн үзэж, 6 сарын 9-нөөс эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хааж хэд хэдэн удаа анхааруулга хүргүүлээд байжээ. Хэдийгээр тус мэдэгдлийн дараа өмнөд Солонгосын тал яриа хэлэлцээ хийхээр тусгай элчийг умард Солонгос руу илгээх санал гаргасан ч Пёньяны удирдагчид хүлээж аваагүй байна. Үүний дараа тухайн сарын 16-ны өдөр Кэсон хот дахь 2 Солонгосын холбоо барих байрыг дэлбэлсний дараа хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны шугамуудыг хаасан юм. Харин өнгөрөгч мягмар гарагт харилцаа холбоогоо дахин сэргээх хүсэлтэй байгаа талаар бүгд найрамдах солонгос улсын гадаад хэргийн сайд Кан Кюн Ва "БНСУ-төв ази"-ийн хамтын ажиллагааны тухай 13 дугаар чуулга уулзалтын үеэр мэдэгджээ. Одоогоор умард Солонгосын талаас ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байгаа ч олон улсын ажиглагчдын зүгээс хоёр солонгос харилцаа холбоогоо сэргээх тал дээр хамтран ажиллах шаардлагатай гэж үзээд байгаа юм.