Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 41 хувь нь ажилчиддаа цалин олгох боломжгүй нөхцөл байдалтай байна

Цар тахлаас үүдэлтэйгээр энэ онд манай улс хөл хориог хоёр ч үе шаттайгаар явуулаад байна. Харамсалтай нь хөл хорионы улмаас эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрэх эрсдэл учраад байна. Тэгвэл төв банкны зүгээс мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хүргэж, засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Энэ шийдвэрүүд эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэх нь хүлээлт үүсгээд байна. Эасгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр энэ онд хоёр ч удаа багц арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Энэ оны эхний 2, 3-р улиралд хэрэгжүүлсэн эхний арга хэмжээний тухайд  илүү иргэд рүү чиглэсэн, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, халамж, дэмжлэгийн шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл 4-р сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг нэмэгдсэн дүнтэйгээр олгож, НДШ, ХХОАТ-ыг 6 сарын хугацаанд чөлөөлсөн. Харин цар тахал дотоодод голомтлон гарсантай холбогдуулан 11-р сарын 11-ээс хатуу хөл хорио тогтоосноор зөвшөөрөгдсөн 13 байгууллага, үйл ажиллагаанаас бусдыг хориглосноор бусад салбар бүрэн "тэг" зогсолт хийгээд байна.  Харин засгийн газрын 2 дахь багц арга хэмжээ нь эдийн засгийг дэмжих 23 арга хэмжээ байлаа. Эдгээр  арга хэмжээнээс хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөний бодлого ирэх оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлэхээр байгаа. Мөн НДШ, ХХОАТ-ыг ААН төлж чадаагүй тохиолдолд алданги тооцохгүй, зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн импортын болон НӨАТ-аас чөлөөлнө гэх арга хэмжээнүүд бий. Гэтэл эдгээр арга хэмжээ хувийн хэвшлүүдэд төдийлөн чиглэж чадсангүй.  Учир нь МУХАҮТ-аас хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгааг судлахад судалгаанд хамрагдсан 3530 аан-ийн 96 хувьд нь маш их нөлөөлжээ. Харамсалтай нь хөл хорионы улмаас 66 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Гэтэл өнөөдрийн байдлаар ААН-үүдийн 28 хувь нь цалингаа олгосон бол, 31 хувь нь сул зогсолтоор тооцож цалингаа олгож, харин 41 хувь нь цалингаа огт олгохгүй байгаа гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 72 хувь нь зээлтэй бөгөөд одоогоор зээл болон түрээсийн төлбөр хамгийн хүндрэл бэрхшээлтэй байна. Тиймээс 11-р сарын 12-оос хойш судалгаанд хамрагдсан аан-үүд 7645 ажлын байр цомхотгожээ.  Гэтэл цар тахлын үед засгийн газраас  ажлын байраа хадгалж авч үлдэхийг зөвлөж байгаа ч ААНБ-үүд хүндрэл бэрхшээлд орсноор ажилчдаа цомхотгохоос өөр арга болсон гэдгийг харуулж байна. Тиймээс ААНБ-уудын зүгээс татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх, зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, санхүүгийн дэмжлэг олгох, хөнгөлөлттэй зээл олгох дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон байна. Тиймээс МУХАҮТ-ын зүгээс үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд  хүүгүй, маш бага хүүтэй зээл олгох,  орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх, нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн НДШ-ийг хойшлуулах буюу чөлөөлөх арга хэмжээ авах саналыг гаргажээ. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл 12-р сарын 31 гэхэд хувийн хэвшлүүд 400 мянган ажилтнаа цомхотгох эрсдэл байгааг сануулсаар байгаа. нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүн хэзээ гарах вэ, 920 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийн салбар сэргэх үү, сөхрөх үү?