Азийн хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнууддаа 20.3 сая ам.долларын техникийн санхүүжилт үзүүлнэ

Азийн хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнууддаа "Ковид-19" халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжийг бүрдүүлэх, вакциныг тэгш хүртээмжтэй, үр ашигтай түгээх тогтолцоог бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20.3 сая Америк долларын техник технологийн болон хүргэлтийн туслалцаа үзүүлэх санхүүжилтийг баталжээ. Энэхүү санхүүжилтийг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх мөн вакцинтай холбоотой эрүүл мэндийн тогтолцоонд үнэлгээ хийхдээ ашиглах боломжтой гэж үзээд байгаа юм. Азийн хөгжлийн банкны гаргасан мэдэгдэлд "Ковид-19" халдварын вакциныг хөгжиж буй гишүүн орнууд руу тээвэрлэх агуулахын хэлхээ, ложистик, халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хангамж, ур чадвар, тогтмол мэдээлэл цуглуулах горим, хяналтын тогтолцоо зэргийг үнэлэх, тэдгээрийг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн техникийн туслалцаа үзүүлснээр вакцин тээвэрлэх агуулахын хэлхээг хөгжүүлж, вакцин хөгжүүлэлтийн явцыг дэвшилтэт технологийг тодорхойлж, хэрэглээг дэлгэрүүлэхэд тусална гэдгийг онцлон дурдсан юм. Азийн хөгжлийн банк энэхүү техникийн туслалцааг нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сан болон дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг түншүүдтэйгээ хамтран олон улсын ковакс холбоо, вакцины гави холбоо, дэлхийн банк болон хоёр талт агентлагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.нийт санхүүжилтийн 20 сая Америк долларыг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300 мянган Америк доллар нь Япон улсын засгийн газрын санхүүжилттэй өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгогдох юм байна.