Дэлхий дахинд мансууруулах бодисын хэрэглээ 2009 оноос хойш 30 хувиар өсжээ

Ковид-19-ийн цар тахлаас үүдэн дэлхийн хүн амын нилээдгүй хувь нь хөл хорионы дэглэмд шилжээд байгаа энэ цаг үед мансууруулах бодисын хэрэглээ өмнөх жилүүдээс 30 хувиар өссөн үзүүлэлт гаржээ. Ажилгүйдэл газар аваад байгаа өнөө үед сэтгэл зүйн дарамтад орсон хүмүүсийн дунд мансууруулах бодис хэрэглэх үзэгдэл газар аваад байна. Тэгвэл дэлхийн ихэнх улс орнууд  хилийн хориг тавиад байгаа нь мансууруулах бодис зөөвөрлөх боломжийг хааж байгаа ч хууль бус наймаачдын хувьд өөр олон шинэ төрлийн арга замуудыг хайж олсоор байна. Жишээлбэл  хууль бус наймаачид хэн нэгний шуудангийн хайрцаг болон цахим дэлгүүрээс захиалсан бүтээгдэхүүн дотор нь мансууруулах бодис хийн тээвэрлэж байгаа нь олон улсын эрх баригчдын санааг зовоогоод байгаа бөгөөд  Ковид-19 халдварын улмаас мансууруулах бодисын олдоц багассан нь үнэ хөөрөгдөх эрсдэлийг бүрдүүлж, хэрэглэгчдийг архи согтууруулах ундаа рүү түлхэх нэг хүчин зүйл болжээ. Энэ нь дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэх бас нэгэн шалтгаан болоод байгаа юм.  Тэгвэл нэгдсэн үндэстний байгууллагын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын шинжээчдийн мэдэгдсэнээр дэлхий дахинд тогтмол 269 сая орчим хүн мансууруулах бодисыг хэрэглэдэг байна. Мансууруулах бодис дундаа Каннабис буюу олсны ургамлыг 2018 оны байдлаар 69 орны 192 сая орчим хүн хэрэглэсэн гэх тооцоолол байгаа юм. Тус ургамлыг Америкийн нэгдсэн улсад хамгийн түгээмэл хэрэглэдэг байна. Харин опиоид нь мансууруулах бодисын хамгийн аюултай төрөлд тооцогддог бөгөөд тунг хэтрүүлсэн тохиолдолд  амиа алдах эрсдэлтэй юм.