Нутаг буцаж байгаа иргэд шинжилгээний хариу болон бусад бичиг баримтаа биедээ авч явах шаардлагатай

Монгол улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэд өчигдрөөс эхлэн оршин суух газартаа буцаж эхэлсэн.

-Тэгвэл нийт 85 мянга гаруй нутаг буцах хүсэлтэй иргэн зорчих хүсэлтээ илэрхийлсэн байна

-Эдгээр иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ.

-Нутаг буцах хүсэлтэй иргэд өнгөрсөн сарын 29-ны өдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдаж эхэлсэн  бөгөөд өнгөрсөн 72 цагийн хугацаанд нийт 21 цэгт 27.162 иргэн шинжилгээнд хамрагджээ.

-Тэгвэл өчигдрийн байдлаар 14 аймгийн чиглэлд  74 нийтийн тээврийн хэрэгслээр 2531 зорчигч нутаг буцахаар замдаа гарчээ.

Улсын онцгой комисс Улаанбаатар хот болон орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу "Зорчигч тээврийг зохицуулах түр журам"-ыг баталсан. Дээрх журмын дагуу иргэд өчигдрөөс эхлэн 15 аймгийн чиглэлд  нутаг буцаж эхэллээ. Харин цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөсөн байна.

Нутаг буцах иргэдийн тухайд  биедээ биеийн байцаалт болох бичиг баримт, иргэний үнэмлэх, шинжилгээ өгсөн шинжилгээний хариу, автобусны билетийг авч явах шаардлагатай. Гэсэн хэдий ч зарим иргэдийн зүгээс бичиг баримтаа орхисон, ухаалаг утасгүй учраас шинжилгээний хариугаа шалгагч нарт үзүүлэх боломжгүй  зэрэг тайлбар хэлж байсан юм.