Байгууллагын нэр дээр бүртгэлгүй,  нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохгүй

Хатуу хөл хориог өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ болон Архангай аймагт 10 хоногоор сунгаж, бусад аймгийн дэглэмийг нэг шат бууруулсан. Энэ хугацаанд 18 чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрч байгаа  харин шинээр боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн үйлдвэрүүд ажиллах боломжтой болоод байна.

Тэгвэл  үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас баталсан байна. Ингэхдээ тухайн байгууллага харьяа дүүргийнхээ онцгой комиссын шуурхай штабын холбогдох имэйл хаяг рүү хандаж QR авах хүсэлт гаргана. Улмаар дүүргийн онцгой комисс QR код авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.  Хэрэв автомашин нь тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, албан хаагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол  тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм байна. 

Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, оройн 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм байна. Байгууллага, албан хаагч системд бүртгэгдвэл qr кодоо smartcar.mn цахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авах боломжтой.