12-р сарын 3-нд орон нутгийн агаарын тээврээр зорчих зорчигчид 12-р сарын 2-оос шинжилгээнд хамрагдана

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн бол орон нутгийн нислэг энэ сарын 3-аас үйлдэгдэх хуваарьтай байна.  Гэхдээ "зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам"-ын дагуу орон нутаг руу агаарын тээврээр зорчих, мөн зорчин ирэх иргэдийн шинжилгээ өгөх болон хариу гарах хугацаа нислэгийн өдөртэй давхцах тохиолдол гарч байгаа учраас "PCR" шинжилгээг  тодорхой байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар 119.mn цахим хуудсанд бүртгүүлж, орон нутгийн нислэгээр зорчихоор тасалбараа захиалсан иргэд рүү агаарын тээврийн компаниас холбогдох юм байна.

"Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам"-ын дагуу 12-р сарын 1-10-ны өдрүүдэд нийслэлд болон орон нутагт гацсан иргэдийг нутаг буцааж байна. Иргэдийг орон нутаг руу буцаахтай холбогдуулан иргэний нисэхийн ерөнхий газраас орон нутгийн нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах шийдвэр гаргажээ. Ингэхдээ орон нутаг руу нислэг үйлдэх байгууллагуудын нисэхийн аюулгүй байдлыг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Агаарын тээврийн компаниуд "зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам"-ын дагуу нислэгийн хуваарь гаргасан ч 119.mn-д бүртгүүлсэн зорчигчдын PCR шинжилгээнд хамрагдах хугацаа нь агаарын тээврийн компаниудын нислэгийн өдөртэй давхцах, дараа өдөр нь таарах зэрэг асуудал тулгарч байгаатай холбоотойгоор тодорхой зохицуулалтыг хийж эхэлжээ. Тодруулбал, иргэдийн PCR шинжилгээг тусдаа, тодорхой байршилд зохион байгуулна. Ингэхдээ орон нутгийн нислэгүүд 12-р сарын 3-нд үйлдэгдэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн шинжилгээг 12-р сарын 2-нд хуваарийн дагуу авах бөгөөд иргэд агаарын тээврийн компанитай цахимаар болон утсаар холбогдож, улмаар шинжилгээ өгөх хуваарийг тусад нь мэдээлнэ. Гэхдээ энэ тусгай үүргийн нислэгт Улаанбаатар хотод эсвэл орон нутагт "гацсан", 119.мн цахим хуудсанд бүртгүүлсэн иргэд хамрагдана. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тийзний дагуу тухайн чиглэлдээ зорчино. Харин шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд таныг зорчуулахгүй ба төлбөрийг энэ тохиолдолд буцаан олгох юм байна.