Унгар улсад амны хаалт зүүсэн Санта Клаусын хэлбэртэй шоколад үйлдвэрлэж эхэллээ

Унгар, Итали, холбооны бүгд найрамдах Герман улсад цар тахлын тархалт улам хүндэрч байгаа энэ үед хүмүүсийн сэтгэл санааг дэмжих зорилгоор Санта Клаусд амны хаалт зүүлгэн цавуулаггүй шоколадыг үйлдвэрлэж эхэлжээ. Амны хаалт зүүсэн Санта Клаусын хэлбэртэй шоколад хийх захиалгыг цахимаар хүлээн авч байгаа бөгөөд захиалга өгөх хүмүүсийн тоо 100 дахин нэмэгдсэн байна. Амны хаалт зүүсэн Санта Клаусын хэлбэртэй шоколад тус бүрийн үнэ нь хамгийн ихдээ 5 орчим америк доллар юм.

Харин грек улсад амттанаас гадна амны хаалттай Санта Клаусын хэлбэртэй лааг үйлдвэрлэж эхэлжээ. Амны хаалт зүүх нь цар тахалтай энэ цаг үед хамгийн чухал болохыг ард иргэдэд ойлгуулж байна гэж 37 настай лаа үйлдвэрлэгч Алексиос ярилцлага өгөх үедээ онцолсон байна. Грек улсад цар тахлаас үүдэлтэй хөл хорио тогтоосноор орлого нь эрс буурсан түүний хувьд мөн адил цахимаар захиалга авч, хүргэлт хийж байгаа юм.

Тэгвэл Америкийн нэгдсэн улсад "Ковид-19" цар тахлын тархалтаас үүдэн Санта Клаусын өвөр дээр суун, хүслээ хэлэхийг хориглоод байгаа юм. Харин тус улсын технологи хөгжүүлэгчид энэхүү боломжийг ашиглан хиймэл оюун ухаант санта Санта Клаусын цахим хуудас болох asksanta.com -ыг бүтээжээ. Уг цахим хуудсаар хүссэн хүн бүр зочлох боломжтой юм. Ойролцоогоор 180 мянга 200 асуултад төвөггүй хариулахаар зохион бүтээгдсэн тус Санта Клаусын хамгийн түгээмэл асуултаар "Ковид-19"-ийн халдвар хэзээ намжих вэ гэсэн асуулт шалгарчээ.

Харин Дани улсад аварга том бөмбөлөг дотор Санта Клаусыг суулган хүүхэд багачуудтай уулзуулахаар шийдвэр гарсан байна. Цар тахалтай энэ цаг үед ард иргэдийн аюулгүй байдлыг анхаарч үзэх шаардлагатай болсон ч хүүхэд багачуудын хүслийг биелүүлэхийн тулд их дэлгүүр болон амьтны хүрээлэнгийн удирдлагууд Санта Клаусыг бөмбөлөг дотор суулгах шийдвэр гаргажээ. Тус Санта Клаус зул сарын баярын өдөр хүртэл хүүхэд багачуудтай уулзаж, хүслийг нь сонсох юм байна.