Нийтийн тээврийг үйлчилгээнд гарах бүрд халдваргүйтгэл хийж, жолооч нарын халууныг тогтмол шалгадаг гэв

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа салбарын ажилтнууд нийтийн тээврээр зорчиж байгаа. Тэгвэл олон хүн зорчиж байгаа нийтийн тээвэрт халдвар тархах эрсдэлтэй тул үйлчилгээнд гарч байгаа нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг  холбогдох байгууллагаас чиглэл болгосон юм. Харин нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид, автобусыг үйлчилгээнд гарах бүрд нь ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн ажилчдыг үйлчилгээнд гарахаас өмнө халууныг хэмжиж, халдвар авахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа байна.

Зарим нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хэлснээр үйлчилгээнд гарч байгаа автобусыг тогтмол халдваргүйтгэж байгаа бөгөөд үйлчилгээний ажилчдын халууныг тогтмол шалгаж халдвараас сэргийлэх бээлий, амны хаалт, ариутгалын бодисоор хангадаг гэсэн юм. 

Харин автобусны жолооч нарын хувьд амны хаалтаа 2 цаг тутамд сольдог бөгөөд өглөө бүр заавал халуунаа шалгуулж үйлчилгээнд гардаг байна. Мөн жолоочийг иргэдийн зорчих хэсгээс тусгаарлаж халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажилладаг байна. Харин автобус баазын жолоочоос халдвар илрэхээс өмнө нийтийн тээврийн жолооч нарыг Ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээнд нэг ч хамруулаагүй юм байна