ХЭҮК Хөл хорионы нөхцөл байдалтай холбогдуулан УОК-т зөвлөмж хүргүүлжээ

Ковид-19 цар тахлын халдвар  дотоодод гарснаас хойш  29 хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ хугацаанд засгийн газраас болон улс, аймаг дүүрэг болон сумын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдэд хүний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт тавин ажиллаж байна. Тухайлбал хамгаалах байр, цагдан хорих төв, дотоодын хяналтын постууд мөн иргэдийг нутаг буцааж эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн шинжилгээний цэгүүдийн нөхцөл байдалтай танилцжээ. Танилцах явцад зарим шийдвэрүүд болон ажлын хэрэгжилт хүний эрхийг хэд хэдэн удаа зөрчсөн нь тогтоогджээ. Тиймээс хүний эрхийн үндэсний комиссоос улсын онцгой комисст зөвлөмж, шуурхай штаб болон УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороонд тодорхой саналуудыг хүргүүлжээ. Өнгөрсөн өдрүүдэд зарим аймгуудад нутаг буцсан иргэдийн гэрийн хаалганд "Гэрийн тусгаарлалт" 14 хоног гэсэн бичиг байршуулж байсан. Тус шийдвэрийг хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийг зөрчиж буй явдал хэмээн үзэж улсын онцгой комисст бичиг хүргүүлсэн байна. Иймээс улсын онцгой комиссын шуурхай штабаас нийслэл, аймаг, сумын онцгой комиссын дарга нарт Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, нийтийн орон сууц, иргэдийн хашааны үүдэнд байрлуулсан "Тусгаарлалт 14 хоног ковид-19" гэх бичигтэй сэрэмжлүүлэх хуудас байршуулахгүй байх чиглэл өгсөн юм.