Хэрэглэгчдийн эрчим хүчний огцом хэрэглээ төвийн бүсийн эрчим хүчний системийг доголдуулах эрсдэлтэй

Манай улсын хэмжээнд 738 мянган хэрэглэгч цахилгаан, дулаан хэрэглэх гэрээтэй юм байна. Үүнээс 728 мянган хэрэглэгч цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд хамрагдана. Нийт хэрэглэгчдийн хоёр хувь буюу 9100 хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдахгүй юм байна. Тодруулбал:

- Цахилгаан, дулааны төлбөрийн чөлөөлөлтөд 2021 оны 7-р сарын 1 хүртэлх хугацаанд нийслэлд 25 мянган аж ахуйн нэгж, 381 мянган айл өрх

- Харин орон нутагт 26 мянган аж ахуйн нэгж, 297 мянган  өрх хамрагдана.

-  Тэгвэл гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдлэх бол

-  Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.

Тэгвэл энэ сарын 13-нд шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр оргил ачааллын цагаар буюу 19:00 цагийн орчимд 1,215 мвт болж өссөн байна. Энэ нь өвлийн эрчим хүчний дундаж хэрэглээнээс 105 мвт-аар өссөн үзүүлэлт болжээ. Гэтэл хэрэглэгчид эрчим хүчээ хэмнэхгүй бол цаашлаад төвийн бүсийн эрчим хүчний систем доголдох эрсдэлтэйг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Манай улс жилд дунджаар 6.1 тэрбум квт эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 1.5 тэрбум квт цахилгаан худалдан авдаг. Энэ эрчим хүчний дийлэнх хувийг өвлийн их ачааллын үеэр буюу 9-р сарын 15-аас 5- сарын 15-ны өдрүүдэд зарцуулдаг. Тэгвэл энэ ачааллын үеэр улсын хэмжээнд бүх айл өрх, 9 чиглэлийн ААН-ээс бусад байгууллага эрчим хүчний төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Тэгвэл өвлийн эрчим хүчний дундаж хэрэглээ өдөрт 1110 мвт байдаг ч эрчим хүчний төлбөрийг тэглэж, төрөөс даах болсонтой холбогдуулан иргэдийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 105 мвт-аар, харин нэг өдрийн дотор 50 мвт-аар өсжээ. Хэдийгээр цахилгаан түгээх компаниуд өвлийн бэлтгэлээ хангасан ч иргэдийн эрчим хүчний огцом хэрэглээ дотоодын эх үүсвэрийг доголдолд хүргэж болзошгүй. Тиймээс иргэдийг оргил ачааллын үеэр буюу 18:00-22:00 цагийн хооронд ердийн өдрийн хэрэглээгээр цахилгаан эрчим хүчээ хэрэглэхийг санууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн гэр хорооллын эрчим хүчний хэрэглээ 18 хувиар өсөөд байна. Тэр тусмаа нисэх, яармаг чиглэлд 54 хувиар, зуслангийн чиглэлд 31 хувиар өсжээ. Гэтэл өнгөрөгч 11-р сард ОБЕГ-аас 90 мянган өрхийн дунд гал түймрийн хяналт хийхэд 25 хувьд нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байгааг тогтоожээ.