Нэг автобусанд 15-16 зорчигч зорчуулахын тулд автобусны тоог 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай

Өнөөдрөөс эхлэн 34 чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаа эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нэг автобусанд 15-16 зорчигч зай барин зорчих боломжгүй болж байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод иргэдэд үйлчлэхээр 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж байгаа хэдий ч 15-16 зорчигч зорчуулахын тулд эдгээр автобусны тоог 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар хотод өмнө нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан 18 чиг үүргийн байгууллага болон шинээр нэмэгдсэн 34 чиг үүргийн байгууллага нийт 52 төрлийн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Ингэснээр нийт 21 мянга орчим аж ахуй нэгж,282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа байгаа юм. Үүний хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 94 чиглэлийн 900 автобус үйлчилж байна. Харин нийтийн тээвэрт  авто тээврийн 22 улсын байцаагч, 100 гаруй хяналтын ажилтан хяналт тавин ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэдийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотой нэг автобусанд 15-16 хүн зорчуулах боломж байхгүй болжээ. Иймээс нийтийн тээврээр зорчиж буй иргэд аль болох олон хүнтэй автобусанд суухгүй байх, хэрвээ зорчсон тохиолдолд амны хаалтаа сайн зүүж  зорчсоны дараагаар нэг удаагийн амны хаалтыг сольж ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ сайтар сахих шаардлагатай байна.