2020 он гарсаар цагдаагийн байгууллагад 736 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ

Сүүлийн жилүүдэд манай улсад цахим хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр цахим залилангийн гэмт хэргийн тоо ч мөн адил өссөөр байна.

- Тодруулбал энэ он гарсаар Монгол улсын хэмжээнд 4044 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3406 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ.

- Эдгээр залилах гэмт хэргийн 736 нь иргэдийг цахимаар залилан мэхэлсэн байна.

- Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад 2015 оноос хуулийн байгууллагад бүртгэгдэж эхэлсэн бөгөөд тус онд зөвхөн 17 хэрэг бүртгэгдэж шалгагдаж байжээ

-Тэгвэл өнгөрсөн 2019 онд 1327 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 оноос 79 хувиар өссөн статистик юм байна.

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр иргэд олон нийтийн сүлжээнд үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн. Тэгвэл энэ хэрээр иргэдийг цахим орчинд залилах гэмт хэрэг ч мөн нэмэгдсээр байна. Тухайлбал цахим орчинд худалдаа наймаа эрхлэх, бараа материал солилцох болон хамтарч ажиллах санал тавих, сугалаа явуулах зэргээр иргэдийг залилах, хувь хүний фейсбүүк хуудас руу халдаж мөнгө залилсан гэмт хэргүүд түгээмэл бүртгэгджээ.

Цагдаагийн газраас цахим гэмт хэргийг 2 төрлөөр ангилан мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг бөгөөд дотоодод үйлдэгдсэн болон монгол улсын хилийн гаднаас Монгол улсын иргэд рүү чиглэсэн гэмт хэрэг хэмээн ангилдаг байна. Харин гадаад улсаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тухайд манай улс зөвхөн 19 улстай эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй. Иймээс гэрээтэй улсаас бусад улсаас үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, хохирлыг барагдуулах явц төвөгтэй байна.

Харин Монгол улсын хилийн дотор үйлдэгдэж байгаа цахим гэмт хэргийн тухайд  мөрдөн байцаах албанаас хэргийг шалгаж,  шүүхийн байгууллага руу шилжүүлж гэм бурууг шүүхээс эцэслэж хохирол барагдуулах үйл явц явагддаг байна.

Иймээс иргэд цахим аюулгүй байдлаа анхаарах,  цахимаар бараа бүтээгдэхүүн авахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэлгүй, бүтээгдэхүүнээ авахдаа мөнгийг өгөх зэргээр цахим залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.