Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд 2021 оны 1-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио үргэлжилнэ

Сүүлийн тав хоногийн байдлаар нэмж "ковид-19" цар тахлын халдвар бүртгэгдээгүй ч Сэлэнгэ аймаг хоёр сумын нутагтаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн зэргээ 10 хоногоор сунгажээ. Учир нь хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд халдвар гараагүй тохиолдолд халдвараа дотооддоо бүрэн ху мьсан гэж үзэх юм байна. Гэтэл хөл хориог ийнхүү дахин сунгаж байгаа нь тухайн сумын иргэдэд хүндрэл учруулж, амьдралыг нь "тэг" зогсоход хүргэж байна гэдгийг илэрхийлж байна. Улсын хэмжээнд тогтоогоод байсан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорио өнөөдрийн байдлаар зөвхөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд үргэлжилж байсан. Харин нөхцөл байдалтай холбогдуулан тус хоёр сумын нутагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг Сэлэнгэ аймгийн засаг даргын 12-р сарын 20-ны захирамжаар 2021  оны 1-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгажээ. Ийнхүү тус сумын иргэд хатуу хөл хорионд 50 хоногийг өнгөрүүлэхээр болж, тэг зогсолтод орсон иргэдийн хувьд түлш, хүнсний асуудал хамгийн том бэрхшээл дагуулж байгаа юм байна. Сэлэнгэ аймагт анх 11-р сарын 12-нд "ковид-19" цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, 12-р сарын 21-ний байдлаар аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 216-д хүрээд байна. Гэхдээ анх халдвар бүртгэгдсэнээс хойш 11-р сард 1 өдрийн дотор 40 тохиолдол бүртгэгдэж байсан бол харин 12-р сарын байдлаар хамгийн ихдээ 6 тохиолдол батлагдсан өдөр ч байгаа юм. Харин сүүлийн 5 хоногийн байдлаар Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй ч хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд халдвар гараагүй тохиолдолд халдвараа дотооддоо бүрэн хумьсан гэж үзэх юм байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн Шаамар зургаа, Ерөө, Хушаат, Жавхлант, Сайхан, Баруунбүрэн, Мандал, Баянгол сумдад бүсчилсэн түргэвчилсэн шинжилгээний цэгүүд ажиллаж байна. Иргэд өөрийн харьяа орон нутгийн цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, бусад сумд хооронд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.