Америкийн нэгдсэн улсын Сенатын танхимын гишүүд "ковид-19" цар тахалд хямарсан эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар санал нэгдсэнийг өчигдөр мэдэгджээ. Эхний хөтөлбөрийн хэрэгжилт энэ сараар дуусаж байгаа бөгөөд эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөр батлагдахгүй тохиолдолд Америкийн нэгдсэн улсын 12 сая иргэн орлогогүй шинэ оныг угтана гэх тооцоо судалгаа гарсан байна. Америкийн нэгдсэн улсын эрх баригчид эдийн засгаа дэмжих эхний хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сард 2.4 их наяд ам долларын хэмжээтэйгээр баталж, хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрт 1,200 ам долларын чек, ажлын байраа алдсан иргэдэд долоо хоног бүр 600 ам долларын дэмжлэг үзүүлэхээр болж, хувийн хэвшлийнхэнд мөнгөн тусламж үзүүлсэн юм. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орлогогүй болсон иргэдийн тоо хоёр дахин буурсан байна. Тэгвэл эхний хөтөлбөр энэ сараар дуусаж байгаа ч эдийн засгийг дэмжих шинэ хөтөлбөр батлагдаагүй тохиолдолд 12 сая Америк иргэн орлогогүй 2021 оныг угтана гэсэн тооцоолол гараад байна. Тэгвэл тус улсын Сенатын танхим дахь Ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүд эдийн засгийг дэмжих хоёр дахь хөтөлбөрийн агуулга дээр санал зөрөлдөж, хэрэгжилт нь олон сараар хойшлоод байсан ч 900 тэрбум Америк долларын хөтөлбөрийг хэрэгжүүлэх дээр санал нэгджээ. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд Америкийн нэгдсэн улс даяар 885 мянган хүн ажлын байраа алдсан гэх тооцоолол гарсан байна. Харин удахгүй батлагдах хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрт 600 ам долларын чек, харин ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 ам долларын тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн жижиг дунд бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх хүнсний тусламж зэргийг багтаасан байна.