БНХАУ Австралийн нүүрсэнд хориг тавьснаар хятадад эрчим хүчний нүүрсний эрэлт, үнэ өсөж байна

Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр экспорт саарсан. Гэхдээ 2020 оны эцэс гэхэд экспортын хэмжээг нийт 28 сая тоннд хүргэх тооцоолол байгаа. Харин ирэх онд нүүрсний экспортын хэмжээ зорилтот түвшиндээ  хүрэх эерэг төсөөлөл байна. Учир нь БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоосонтой холбогдуулан манай улсын экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа. Харин энэ хүлээлтэд хүрэх эсэх нь манай улсын төмөр замын тээврийн дэд бүтэц болон боомтуудын гарцаас хамаарахаар байна. Манай улс нүүрсний экспортын түүхэнд 2019 онд дээд хэмжээнд буюу 36.4 сая тоннд хүрсэн. Энэ ч үүднээс 2020 онд экспортын босгыг нэмэгдүүлж, 42 сая тонн нүүрс экспортлохоор зорилт тавьсан ч "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр экспорт энэ оны эхний улиралд буурчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтын гарцаар 1-р сард өдөрт 500-600 машин нүүрс тээвэрлэдэг байсан бол 3-р сард 300 болтлоо буурсан. Харин оны 2-р хагасаас Монгол улс, БНХАУ-ын хилийн боомтын "Ногоон гарц" түр журмын хэрэгжилтийн хүрээнд экспортын хэмжээ өсөж эхэлжээ. Түүнчлэн манай улсад нүүрсний экспортоо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бий болсон нь жилдээ 70 сая тонн эрчим хүчний нүүрс импортолдог БНХАУ Австралиас нүүрс худалдан авахаа зогсоосон явдал юм. Гагцхүү ирэх онд энэ хүлээлтэд хүрэх эсэх нь манай улсын төмөр замын тээврийн дэд бүтэц болон боомтуудын гарцаас хамаарахаар байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Гашуунсухайт боомтын гарц багассан бол Шивээхүрэн боомтын гарц нэмэгджээ. 12-р сарын 18-ны байдлаар БНХАУ-д экспортолдог монголын коксжих нүүрс тонн тутамдаа 1230 юанийн ханштай байна.