Яаралтай тусламжийн үед буюу осол бэртэл, төрөхийн үеийн хүндрэл, хорт хавдар, цус багадалт зэрэг өвчнөөр өвдсөн хүмүүст цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэн нөхөх эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Манай улсад Ковид-19 халдвар дотоодод гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос хойш цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлах иргэдийн тоо буурч, цусны нөөц энгийн үеийнхээс 50 орчим хувиар буурчээ. Гэтэл цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Хөл хорионы дэглэм тогтоосноор иргэд цусаа хандивлах нь багасжээ. Үүнээс болж цусны нөөц хомсдох эрсдэл үүсээд байгаа юм байна. Тиймээс цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өмнөх хугацаанд цусаа хандивлаж байсан донорууд руу эргэн холбогдож цусаа хандивлахыг хүссэн урилга илгээж байгаа гэлээ. Мөн шинээр цусаа хандивлах хүсэлтэй иргэд цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Фэйсбүүкийн цахим хуудаст хандаж урилга авах юм. Тухайн урилгыг авсан иргэд цусаа өгөхөөр очихдоо өглөөний 8 цагаас өдрийн 14 цагийн хооронд зорчих хөдөлгөөнд саадгүй оролцох эрхтэй юм байна. Тэгвэл цусаа хандивлах хүсэлтэй иргэд цусаа өгөхийн өмнө биеэ бэлдэх шаардлагатай байдаг байна. Өөрөөр хэлбэл өмнөх өдрөөс эхлэн өөх тостой болон шарсан хуурсан хоол, өндөг, кофе, сүү, сүүн бүтээгдэхүүн буюу тослог ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхын зэрэгцээ заавал 6 цагаас илүү буюу бүтэн нойр авч амарсан байх шаардлагатай байдаг юм байна. Аливаа хүн цусаа хандивласнаар хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үүсдэггүй болохыг цусны донорууд хэлж байсан юм. Хүний физиологийн онцлогоос хамаарч эрэгтэй хүн жилд 6 удаа, эмэгтэй хүн жилд 4 удаа цусаа хандивлах боломжтой юм. Мөн хүний биеийн цус төлжүүлэх чадвар хурдан байдаг учраас нэг хүн 2 сар тутамд цусаа өгч болох юм. Мөн тухайн хүний биеийн жин, өндөр, эрүүл мэндийн байдлаас хамаарч нэг удаад 200-350 миллилитр цус авах боломжтой байдаг юм байна. Цусаа хандивлах иргэд халдварт өвчин болон элэгний B, C вирусгүй байх шаардлагатай юм. Иймээс холбогдох байгууллагын зүгээс иргэдийг цусаа хандивлаж олон хүний амийг аврах сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна.