Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр боловсролын хүрээлэнгээс улсын хэмжээнд ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Цахим давтлагыг өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрөөс эхлэн ирэх оны 1-р сарын 29-нийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүйгээр нийслэл болон аймгуудын нийт 602 багш хичээлийг удирдан явуулах болоод байгаа юм. Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Мөн цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголт бөгөөд сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй юм. Харин хичээлийн хуваарийг харах болон багшаа сонгохдоо A PLUS.MN сайтаас мэдээллээ авах бол ZOOM платформоор цахим давтлагадаа хамрагдах боломжтой юм байна. Ийнхүү ахлах ангийн сурагчид цахим давтлага хичээлээрээ дамжуулан багштайгаа шууд холбогдож ойлгоогүй үлдсэн хичээлийг лавлаж болохоор боллоо. Харин бага, дунд ангийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын суралцагсад и контент сайтад хандаж интерактив буюу гар утас, таблет, компьютерээр дасгал ажилладаг цахим хичээлд суралцах боломжтойг хэлсэн юм.