АНУ-ын ерөнхийлөгч эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Америкийн нэгдсэн улсын сенатын танхимын гишүүд "Ковид-19" цар тахлын улмаас  хямралд өртсөн эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар өнгөрөгч долоо хоногт санал нэгдсэн. Улмаар конгрессын танхим энэхүү хөтөлбөрийг баталж, ерөнхийлөгч Трамп руу гарын үсэг зуруулахаар өнгөрөгч баасан гарагт илгээсэн гэж хууль тогтоогчид мэдэгдэж байсан юм. Хэдийгээр нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп энэхүү хөтөлбөрт гарын үсэг зурахаас татгалзаад байсан ч, сенат болон конгрессын танхимын гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст гарын үсгээ  зурсан байна. Эхний хөтөлбөрийн хэрэгжилт энэ сараар дуусгавар болж байгаа бөгөөд эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөр батлагдаагүй  тохиолдолд Америкийн нэгдсэн улсын 14 сая иргэн орлогогүй шинэ оныг угтана гэх тооцоо судалгаа гараад байсан юм. Эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг 900 тэрбум Америк долларын багцыг баталж, хөтөлбөрийн хүрээнд  75 мянган Америк  доллараас бага жилийн орлоготой  иргэн бүрт 600 Америк долларын чек, харин ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 америк долларын тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн жижиг дунд бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх хүнсний тусламж зэргийг багтаасан байна.