Банк болон бусад үүсгэврийн нөхцөлтэй Ипотекийн зээлд хамрагдсан бол зээлийг түр хугацаанд хойшлуулах хүсэлт гаргасан ч зээлийн хүүг төлнө

"Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор засгийн газраас 11 дүгээр сарын 1-ний өдрөөс энэ оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хэрэглээний болон ипотекийн, бизнесийн зээл хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу ипотекийн болон аж ахуйн нэгж байгууллагад олгогддог бизнесийн зээлийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг зогсоох юм.  Харин иргэдийн хэлж байгаагаар зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан ч харилцагч банкнаас хариу ирдэггүй, мөн зарим арилжааны банк зээлийнхээ хүүг төлөхийг иргэдээс шаардаж байгаа нь  ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Уг шийдвэрийн дагуу иргэд ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргасан. Гэсэн хэдий ч үндсэн зээлийг царцааж хүүгийн төлөлтийг нь банкнаас нэхэмжилж байгаа талаар иргэд хэлж байна. Дээрх асуудлаар холбогдох байгууллагаас тодруулсан юм. Иргэд, засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан зээл болон банк, бусад үүсгэврийн нөхцөлтэй гэсэн 2 хэлбэрээр ипотекийн зээлд хамрагддаг. Тэгвэл зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэрийн тухайд засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан ипотекийн зээлдэгчдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлөлт царцах юм. Харин банк болон бусад үүсгэврээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн  үндсэн төлөлт царцах бол зээлийн хүүг төлсөөр байх юм байна. Харин зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргахаас өмнө төлөөгүй байсан зээлийн эргэн төлөлтийг иргэдийн данснаас татаж байгаа гэсэн юм. Иймээс иргэдийг ямар үүсгэврээр ипотекийн зээлд хамрагдсан болохоо нягтлахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Энэ талаар харилцагч банкнаасаа  лавлаж болох юм. Мөн зээлдэгч зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан өдрөөс эхлэн зээлийг хойшлуулах бөгөөд хүсэлтээ гаргахдаа асуумжид гүйцэт хариулахыг анхаарах хэрэгтэй юм. Харин ипотекийн, хэрэглээний болон бизнесийн зээл хойшлуулах хүсэлтийг энэ сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах юм.