Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмжээ 

22 жилийн настай “Хөдөлмөрийн тухай хууль"-аа эргэн харж, шинэчлэн найруулж байгаа. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгажээ. Хамгийн гол нь уул уурхайн салбарт жасаа буюу уртын ээлжээр ажиллах хугацааг 14, 14 хоногийн харьцаатай болгож өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм. Манай улсын уул уурхайн салбарт 56.6 мянган хүн ажилладаг бөгөөд 91 хувь нь дунджаар уурхай дээр уртын ээлжээр буюу 14-20 хоног ажилладаг. Судалгаагаар уртын ээлжээр ажиллуулдаг 13 ААНБ-ын мэдээллээр 1 компани уурхайчдаа 40 хоногоор, 4 компани 28 хоногоор, 3 компани 20 хоногоор, 1 компани 19 хоногоор, 3 компани 14 хоногоор, 1 компани 7 хоног ажиллуулж, 7, 9, 10, 14, 20 хоног амраадаг байна. Уурхай дээр ажиллаж байгаа ажилчдын ажлын үргэлжлэх цаг 8-12 цаг байгаа юм. Гэтэл олон цагаар ажиллаж байгаагаас болж сэтгэл гутралтай болох, салалт ихсэх, гэр бүлийн үл ойлголцол бий болох зэрэг олон асуудал дагуулдгийг уурхайчдын төлөөлөл ч мэдээлж байсан. Тэгвэл хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анх уртын ээлжээр буюу жасаагаар ажиллуулахдаа ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байх"-аар тусгасан. Харин ажлын хэсгээс энэ хугацааг уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн саналаар 14/14 болгон өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтөөс гадна хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгасан. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй гэх байдлаар тусгажээ. Тэгвэл  өчигдөр УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийнэ.