Саудын Араб Катарын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцаллаа

2017 онд Саудын Арабын эрх баригчид ойрх дорнодын тогтвортой байдалд саад учруулж байна гэж Катар улсыг буруутган тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тэгвэл 3-н жилийн хугацаанд үргэлжилсэн хоригоо цуцалж, Катар улстай агаарын, хуурай газрын болон усан хилээ нээхээр болсныг Кувейтын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Ийнхүү хоёр улс хилээ нээхээр болсон нь олон жил үргэлжилсэн маргааныг дуусгавар болгох эхний алхам гэдгийг эх сурвалжууд онцолсон байна. 2017 оны 6 дугаар сард Саудын Араб ойрх дорнодын тогтвортой байдлыг алдагдуулж байна гэх үндэслэлээр Катартай дипломат харилцаагаа тасалсан. Улс төрийн зөрчил маргаанаас үүдэж Саудын Арабын нийслэл Эр-Рияд болоод түүний холбоотон орнууд  Катар улсын эсрэг хориг зарлаж, Катарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд Персийн булангийн бусад орон Саудын Арабтай нэгдэж, Катартай үйлддэг шууд нислэг, худалдаагаа зогсоож байжээ. Тэгвэл харилцаа эргэн сайжирч байгаагийн илрэл болгож өнгөрөгч даваа гарагийн оройноос Саудын Араб Катар улстай хилээ нээхээр болсон тухай Кувейтын төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар шууд дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр үүний хариу болгож Катар улс мөн нийслэл Эр-Рияд болон холбоотнуудынх нь эсрэг үүсгэсэн заргаа эргүүлэн татах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Харин өчигдөр буюу мягмар гарагт Саудын Арабын хаан Салман Бин Абдулазиз даргалан, Аль-Ула цөлийн хотод болох Арабын булангийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Катарын Эмир Шейх Тамим Бин Хамад Аль Тани айлчилсан нь хориг цуцлагдсаны илэрхийлэл гэж олон улсын ажиглагчид үзээд байгаа юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр талууд олон талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулан гарын үсэг зурах юм байна. Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улс Катарыг Исламын хэт даврагсдын бүлгүүдийг дэмжсэн, Ирантай дотно харилцаа холбоо тогтоосон гэж буруутгаж хуурай газрын ихэнх хилийг хаагаад байсан юм. Харин Катарын эсрэг хоригийг цуцалснаар Арабын орнуудын дипломат харилцаа сайжирч, худалдаа эскпортын ачаалал нэмэгдэж эхэлсэн байна. Саудын Араб хоригоо цуцалсны дараа Катарын хөрөнгийн бирж дээрх компаниудын хувьцаа 3.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.