Лондон хотын шүүх Жулиан Ассанжийг АНУ-д хүлээлгэн өгөхөөс татгалзлаа

Их Британийн Лондон хотын Вестминстерийн шүүх Викиликс сайтын үүсгэн байгуулагчдын нэг Жулиан Ассанжийг Америкийн нэгдсэн улсын талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Тус шүүхээс түүний амь насанд нь эрсдэл учирч болзошгүй гэж үзсэн бөгөөд Жулиан Ассанжийг батлан даалтад гаргах хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх төлөвтэй байна. 47 настай, Австрали улсад төрсөн программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд Викиликс сайтыг үүсгэн байгуулалцаж, эрхлэгчээр нь ажиллаж байхдаа дэлхийн улс орнуудын төрийн нууцад хамаарах материалуудыг ил болгож, алдаршсан нэгэн юм. Тэрээр Шведэд хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа зугтаж, долоон жилийн хугацаанд Лондон хот дахь Эквадорын элчин сайдын яамны байрт улс төрийн шалтгаанаар орогнож байсан юм. Гэвч олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн шалтгаанаар Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено түүнд олгосон улс төрийн орогнолыг 2019 оны 4-р сарын 11-нд цуцалжээ. Ингэснээр Лондон хотын шоронд хоригдож эхэлсэн түүнийг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр 2020 оны эхэнд шүүж эхэлж, 11 сарын хорих ял оноосон юм. Харин өнгөрөгч даваа гарагт Лондон хотын Вестминстерийн шүүх түүний хэргийг америкийн нэгдсэн улсын талд хүлээлгэн өгөхөөс татгалзжээ. Жулиан Ассанжийг сэтгэцийн эрүүл мэндийн улмаас амиа хорлох эрсдэлтэй байгаа тул нэгдсэн улсад хууль ёсоор шилжүүлэн өгөх боломжгүй гэж шүүхээс үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн тал давж заалдах өргөдөл дахин гаргаж байгаагаа мэдэгджээ. Хэрэв Жулиан Ассанжийг нэгдсэн улсын талд шилжүүлэн өгвөл тэрээр тагнуулын хэргээр хамгийн багадаа 175 жилийн хоригдох ял авч болзошгүй байгаа юм. Тэрээр 2010 онд Афганистан, Ирак дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн ажиллагаанууд, Гуантанамогийн шоронгийн нөхцөл байдлын талаарх 90 мянга орчим нууц материалыг цахим хуудсан дээрээ дэлгэсэн бөгөөд үүний дараа түүнийг Америкийн эрх баригчид шалгаж эхэлсэн юм. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны нэгдүгээр сард Ассанж Ватиканы засгийн газрын бичиг баримтыг Викиликс сайтдаа нийтэлж байжээ. Харин Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж улс төрийн орогнол олгоход бэлэн байгаагаа өнгөрөгч даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөхөөс татгалзсан Лондоны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаагаа онцлон, төрийн хамгаалалтаар Жулиан Ассанжийг хамгаалахаа мэдэгдсэн байна.