Аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн хэрэглээний болон бизнесийн зээлийг ипотекийн зээлийн зарчмаар хойшлуулах боломжгүй талаар Монголбанкнаас мэдээлж байсан. Харин арилжааны банкуудаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах ажлуудыг хийж байгаа ч иргэд хүүгийн төлбөрийг төлөх шаардлагатай юм. Тэгвэл иргэдийн орлого тасалдаад байгаа энэ үед зээлийн хүүгээ ч төлөхөд хүндрэлтэй болоод байгааг тэдний төлөөлөл хэлж байна. Хөл хорио тогтоогдож зарим салбарын ажилчид болон өдөр тутмынхаа орлогоор амьдралаа залгуулдаг иргэдийн орлого тасалдаад 2 сар орчмын хугацаа өнгөрч байна. Зээлийн асуудалтай холбоотой засгийн газрын үүсгэврээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн үндсэн төлөлт болон хүүгийн төлөлт хойшлогдсон. Харин бусад эх үүсгэврийн ипотекийн зээл болон бизнес, хэрэглээний зээлээ хойшлуулах хүсэлтэй бол заавал хүүгийн төлбөрийг төлөх шаардлагатай юм. Мөн хүүгийн төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа бөгөөд банканд зээлийн муу түүх үүсэх, цаашид зээл авахад хүндрэлтэй болох гэсэн эрсдэлтэй болох вий хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Харин тус асуудалд монголын банкны холбооноос бизнес, хэрэглээний зээл авсан зээлдэгч банктай гэрээ байгуулдаг. Үүнд төв банк болон банкны холбооноос оролцох боломжгүй. Арилжааны банкуудад зээл сунгах эрхийг олгосон. Иймээс зээлдэгч өөрөө хүсвэл хэрхэн сунгахыг хоёр талдаа харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэсэн юм.
