Ковид 19 цар тахалтай дэлхий нийтээрээ дасан зохицон амьдрахын тулд хүн төрөлхтөн технологийн дэвшлүүдийг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж байна. Технологийн салбарынхан олон жилийн өмнөөс  дижитал шилжилт хийхийг санал болгож байсан ч, ковид 19 цар тахал технологийн хэрэглээг өдөөсөн үйл явдал боллоо. Цар тахлаас шалтгаалан ажиллах боломжгүй болсон дэлгүүр, ресторанууд хүргэлтийн хэлбэрт шилжсэнээр хүргэлтийн үйлчилгээний технологийн дэвшлүүд бий болсоор байна. Хүргэлтийн барааг гараас гарт дамжуулах үйлчилгээнээс зайлсхийж байгаа нь технологи хөгжүүлэгчдийн хувьд бараа хүргэлтийн дрон бүтээх үндэс нь болсон юм. Одоогоор  26 орчим улс орон хүргэлтийн дрон туршиж, ашиглаж эхлээд байна. Хүргэлтийн дрон нь хамгийн ихдээ 3 кг хүртэл даацтай ачаа тээвэрлэлт хийдэг бөгөөд цаг зав, хүн хүч, бензин тосны зардал хэмнэх боломжтой юм. Түүнчлэн их британийн технологи хөгжүүлэгчид гэртээ ганцаараа байдаг ахмад настнуудад  зориулж эм хүргэлтийн автомат машин бүтээжээ. Мөн Бүгд Найрамдах Хятад ард улс, Япон зэрэг улс "ковид-19" халдварын тархалтыг хязгаарлахаар зөөгч роботуудыг бүтээсэн нь хөл хорио, хязгаарлалтын үед хамгийн хэрэгтэй технологи байсан гэж хэрэглэгчид үзжээ. Их Британи, Турк, Япон, Испани зэрэг улс ард иргэддээ зориулан "ковид-19" халдварын баримт нотолгоотой мэдээллийг хүргэдэг утасны апплекейшн гаргаад байгаа. Манай улс ч хамгийн олон иргэн хэрэглэдэг ибаримт аппликэйшнээр дамжуулан цар тахлаар өвчилсөн хүнтэй уулзсан эсэх, халдвар авсан байх эрсдэлийг тодорхойлох ажлыг хийж байгаа нь дижитал шилжилтийн нэг жишээ юм. Дижитал шилжилт гэдэг нь технологийн хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр өмнөх бизнесийн загвараас хэд дахин илүү үр ашигтай үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ илүү ойрхон, ашиглахад хялбар болгох загварт шилжих үйл явц юм. Дижитал шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа өөр нэг ажил бол гэрээсээ ажиллах. Учир нь дижитал шилжилтийн гол зорилго нь хэрэглэгчиддээ улам ойртож тэдний үйлдлийг хялбаршуулахаас гадна ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршдог. Ажилтны бүтээмжийг ажлын үр дүнд нь суурилж хэмжих нь зүйтэй гэж үзэж гэрээс ажиллах нөхцлийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн уламжлалт худалдааны салбарын хувьд ч бизнесийн загвараа өөрчлөхөөс аргагүйд хүрч байна. Технологийн тусламжтайгаар дэлгүүрийн барилгагүй олон дэлгүүр, худалдааны байгууллагууд бий болж уламжлалт салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Сургуулиуд цахимаар хичээллэж шалгалтаа ч цахимаар авч, хурал цуглааныг цахимаар хийх нь үр дүнтэй цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн ажил болж байна. Үүнд зүүм платформыг дэлхий нийтээр өргөн хэрэглэж байгаа бөгөөд цар тахлын оргил үе 2020 оны 4 дүгээр сард өдөрт 300 сая хэрэглэгч зүүм хэрэглэж байв. Зүүмийн цэвэр ашиг 2020 оны санхүүгийн жилд 514 хувиар  өсч хувьцааны үнэ нь 4 дахин өссөн юм. Манай улс ч дэлхийн жишгээр интернетэд суурилсан платформуудыг хэрэглэж байгаа бөгөөд цар тахал дотоодод бүртгэгдсэнээс хойших интернет ашиглалтын хэмжилтээр интернетийн ачаалал 70-80 хувиар нэмэгджээ.