Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэд Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатай

Энэ сарын 11 өдрөөс эхлэн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага иргэдэд нээлттэй үйлчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн 6 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт энгийн болон халдварын эрсдэлтэй байж болзошгүй гэсэн иргэдэд үйлчлэх амбулаторийг ажиллуулж байна. Тухайлбал эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдээс заавал асуумж авах юм. Учир нь Ковид-19 халдварын голомтот бүсээр зорчсон болон халуурах, толгой өвдөх гэх зэрэг халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа иргэдэд эрсдэлтэй үеийн амбулаториор үйлчлэх байна. Харин яаралтай тусламжийн үйлчилгээ авах иргэдийг эмнэлэгт шууд хүлээн авна. Мөн төлөвлөгөөт мэс засалд орох болон хэвтэн эмчлүүлэх иргэдэд урьдчилан мэдэгдсэнээр тухайн иргэдээс заавал Ковид-19 халдварыг илрүүлэх PCR-н шинжилгээний хариуг шаардах байна. Мөн нийслэлийн 6 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт  Ковид-19 халдварыг илрүүлэх PCR-н шинжилгээний цэгтэй болох юм байна.