Айл өрх улиралд 2 удаа яндангаа хөөлөх шаардлагатай

Галлагааны улиралд жилд дунджаар угаарын хийд хордсон 2500 хүн эмнэлэгт ханддаг байна. Тиймээс угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд галлагааг зөв хийж, улирал 2 удаа яндангаа хөөлөх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулдаг. Учир нь яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрч утаа гадагшлах зай багассанаар угаарын хий үүсдэг байна. Харин 2019 оноос эхлэн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбогдуулан төрөөс айл өрхүүдэд үнэ төлбөргүйгээр яндангаа хөөлөх үйлчилгээ үзүүлэх болсон. Ингэснээр өдөрт 20-30 удаагийн дуудлагад үйлчилгээ үзүүлдэг байна. Галлагааг буруу хийх, янданд хаалт сойлт хийсний улмаас болон ядангаа хөөлөлгүй удсанаар дутуу шаталт бий болдог. Дээрх шалтгаанаар угаарын хий үүсдэг бөгөөд эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. Харин иргэдийн хувьд 7 хоног тутам яндангаа хөөлөх шаардлагатай байхад жилд нэг удаа яндангаа хөөлөх тохиолдол байгааг хэлж байна. Иймээс иргэд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авснаар улиралд 2 удаа яндангаа зөв хөөлж байх шаардлагатай. Мөн шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар яндангаа хөөлүүлж болох юм байна. Үүнээс гадна галлагаанд тохиромжтой зуух хэрэглэх нь угаарын хий үүсгэх эрсдэлийг бууруулдаг байна. Түүнчлэн иргэдийн зүгээс гаргадаг нийтлэг алдаа нь яндан болон ханын зуухандаа хаалт, сойлт хийх явдал байдаг байна. Учир нь тухайн хаалтын нүхээр хий алдаж угаарын хий үүсгэх эрсдэлтэй юм. Мөн галлагаа хийж байгаа нөхцөлд заавал угаарын хий мэдрэгч ашиглах шаардлагатай. Уг мэдрэгч нь угаарын хий үүссэн үед дуут дохио гаргаж мэдээлэл дамжуулах юм. Тэгвэл угаарын хий мэдрэгчийг хүний унтах хэсэгт буюу унтлагын өрөөнд шалнаас 1.7-1-8 метрийн өндөрт байршуулах шаардлагатай. Харин албаны хүн хэлэхдээ иргэд угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу хэрэглэхгүй байгааг хэлж байна. Иймээс иргэд угаарын хий үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж галлагааг зөв хийхийн зэрэгцээ улиралд 2 удаа яндангаа хөөлөх шаардлагатайг холбогдох байгууллагын зүгээс сануулж байна.