АНУ Тайваньтай хамтран ажиллахад саад учруулсан хоригоо цуцаллаа

Америкийн Нэгдсэн Улс Тайваньтай хамтран ажиллахад саад учруулж байсан хязгаарлалтаа цуцалж байна гэж Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч ням гарагт мэдэгджээ. Түүний мэдэгдэлд эх газрын Хятадын эрх баригчдыг тайвшруулах зорилготой тус хориг нь Тайванийн дипломат ажилтнуудтай харилцах Америкийн дипломатуудын харилцааг төвөгтэй замаар зохицуулж ирсэн тул өмнөх зөвлөмжүүдийг хүчингүйд тооцож байна гэж дурджээ. Түүнчлэн тэрээр Нэгдсэн Улсын засгийн газар дэлхийн өнцөг булан бүрд байгаа улс оронтой албан болон албан бус харилцааг хадгалдаг бөгөөд үүнд Тайвань мөн багтана гэж онцлон тэмдэглэсэн байна. Тус мэдэгдлийн хариу болгож Тайванийн талаас Америкийн нэгдсэн улсад талархаж байгаагаа илэрхийлсэн ч улс төр ажиглагчдын зүгээс нэгдсэн улс болон Бүгд Найрамдах Хятад ард улсын дипломат харилцаанд улам гүнзгий сэв сууж байна гэж үзээд байгаа юм. Харин хориг цуцлагдсан гэх мэдээлэл тархсаны дараа Бүгд Найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан хариу мэдэгдэл хийсэн байна. Америкийн нэгдсэн улс Тайваньтай дипломат харилцаагаа албан ёсоор 1979 онд тасалснаар, тус улсын конгрессын танхим "Тайваньтай харилцах тухай хууль" -ийг өргөн, баталж байжээ. Энэхүү хуулийн дагуу Америкийн нэгдсэн улс Тайваньд зэвсэг нийлүүлж, арлын аюулгүй байдлын батлан даагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой болсон юм.