БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын хөдөлмөрийн намын 8 дугаар их хурлаар тус улсын удирдагч Ким Жон Уныг  намын ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөрөгч 10-ны өдөр томиллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна. Энэхүү үйлдэл нь улс орны эрх мэдлийг түүний гарт төвлөрүүлж, удирдагч Ким Жон Уны улс орны дотоод дахь төдийгүй олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Умард Солонгосын иргэдийг нэгдэн нягтруулах зорилготой гэж олон улсын шинжээчид үзжээ. Энэхүү албан тушаалыг Умард Солонгосын өмнөх удирдагчид болох Ким Ил Сон, Ким Жон Ир нар хашиж байсан байна. Харин одоогийн удирдагч Ким Жон Ун эрх баригч Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нь тус улсад эрх мэдэл тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэл болж байна гэж Умард Солонгосын ард иргэд үзэж, санал нэгтэйгээр дэмжжээ. 2016 онд болсон хөдөлмөрийн намын 7 дугаар их хурлаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг намыг даргаар сонгож байсан ч энэ удаагийн их хурлын баримт бичигт түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа намын даргын албан тушаалыг хадгалж үлдсэн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ингэснээр 2016 онд татан буулгасан хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга нарын газар дахин байгуулагдахаар болжээ.