Улаанбаатар хотоос гарах иргэдийн хөдөлгөөнийг нээгээгүй

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Уг шийдвэртэй холбоотойгоор Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан бол Улаанбаатар хотоос орон нутаг руу явах боломжтой хэмээн иргэд ташаа ойлгоод байгаа юм байна. Хөл хорионы дэглэмийн зэрэглэлийг бууруулсан ч иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Харин зайлшгүй шаардлагатай иргэд болон хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрөх юм. Ингэхдээ хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн холбогдох бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай гэлээ. Дээрх шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг сонирхохоор 22-ын шалган нэвтрүүлэх товчооноос нөхцөл байдлыг сурвалжиллаа. Харин  биднийг очиход бага насны хүүхдээ салхинд гаргах хүсэлтэй мөн орон нутаг руу ажилдаа явах гэх мэт шалтгаантай иргэд цөөнгүй байсан юм. Эдгээр иргэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн нээгдээгүй талаар  мэдээлэлгүй байна гэсэн юм. Харин нийслэлийн засаг даргын захирамжид зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед зайлшгүй шалтгаанаар Улаанбаатар хотоос гарах иргэд зөвшөөрөл бүхий бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай юм. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх бол ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримтын хамт, харин  шатахуун тээвэрлэх бол ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэх гэрээ, баримт биедээ авч явна. Эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх бол ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл, эрүүл мэндийн үйлчилгээ авах бол эмчийн магадалгаа, өвс тэжээл тээвэрлэх бол холбогдох зөвшөөрөл, орон нутаг руу хийх оршуулгын үйл ажиллагаа бол улсын онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотоос гаргах юм байна. Бусад шаардлагаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын  зорчих хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн онцгой комисстой зөвшилцөж шийдвэр гаргах юм. Иймээс иргэдийг хөл хорионы дэглэм зөрчиж хүндрэл учруулахгүй байхыг холбогдох албаны зүгээс анхаарууллаа.