Монгол улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж, шүүхийн реформ хийх ажил нэг алхам урагшиллаа. Учир нь өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Шинэчлэн найруулж байгаа хуулиар, шүүгчдийн цалин, нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эцэслэснээс гадна шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй, бие даасан шүүхийн сахилгын хороог улсын хэмжээнд ажиллуулахаар болж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлж, шүүхийн хараат бус байдлыг төгөлдөржүүлэх зорилготой шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд, хэдэн онцлог бий. Үүнд, улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчид  дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохоор тусгасан. Мөн шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэнэ. Харин зэрэг дэвийн нэмэгдэл олгох асуудал дэмжигдээгүй юм. Шүүхийн тухайн хуульд оруулж байгаа том өөрчлөлт нь шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллана. Монгол улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.