Монгол улсыг АНУ-ын H-2А визийн ангиллаас хасжээ

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа, нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын яам зөвшилцсөний хүрээнд манай улсыг H-2А, Самоагийн тусгаар улс болон Тонгагийн хаант улсыг H-2B ажлын визийн ангиллаас хаслаа гэж өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ. H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг байна. Харин манай улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь H-2а ангиллаас хасагдах шалтгаан болсон гэж LAW360 мэдээллийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2а визээр нэгдсэн улсын зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлсэн байна. Харин Тонга болон Самоагийн Иргэд H-2B визийн ангиллаас хасагдсан нь тус хоёр улсын засгийн газрын хариуцлагагүй хамтын ажиллагаанаас үүдэлтэй гэж мэдэгджээ. Тодруулбал, Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс нутаг буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй байна. Дээрх шийдвэр энэ сарын 19-ий өдрөөс ирэх 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.