Төлөөлөгчдийн танхим АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын суудлаас нь огцруулах тогтоолыг дэмжлээ

1-р сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхим одоогийн ерөнхийлөгч Доналд Трампыг буруутгасан зүйл заалт бүхий тогтоолыг хэлэлцэн баталж, түүнийг Капитолын ордонд болсон эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэгт буруутай гэж мэдэгджээ. Тус тогтоолыг хууль тогтоогчдын 232 нь дэмжиж, 197 нь эсэргүүцсэн байна. Тэгвэл энэхүү тогтоолыг Ардчилсан Нам олонхын суудалтай сенатын танхимаар хэлэлцүүлэх ёстой ч ерөнхийлөгч Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө баталж амжихгүй гэж улс төр судлаачид мэдэгджээ. Ерөнхийлөгч Доналд Трампыг төрийн тэргүүний суудлаас буулгах саанаачлагийг өнгөрөгч даваа гарагт ардчилсан намын гишүүд Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан юм. Санаачлагчдын зүгээс ерөнхийлөгч Трампыг  нийслэл Вашингтон хотын Капитолын ордонд болсон үймээ самууныг өдөөн турхирч, улс орныхоо эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, түүнийг нэн даруй албан тушаалаас нь огцруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тус санаачилгыг өргөн барьсны дараа  төлөөлөгчдийн танхим хуралдсан бөгөөд хууль тогтоогчдын 232 нь дэмжиж, 197 нь эсэргүүцсэнээр төрийн тэргүүний суудлаас буулгах тогтоолыг Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Сенатын танхимд хүргүүлжээ. Хэрвээ Сенатын танхимын гишүүд санал нэгтэйгээр ерөнхийлөгч Доналд Трампыг хугацаанаас өмнө огцруулах шийдвэр гаргаж, Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийн 3-р хэсгээр шүүвэл тэрбээр дахин төрийн алба хаших аль эсвэл конгресст сонгогдох боломжгүй болох юм. Хэдийгээр доод танхим буюу төлөөлөгчдийн танхим энэхүү тогтоолыг дэмжсэн ч хууль тогтоох дээд танхимын ажлын хуваариас үзвэл, одоогийн ерөнхийлөгч Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараагаас энэ асуудлыг хэлэлцэх боломжтой юм байна.хоёр дахь удаагаа ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулах тухай асуудал яригдсан нь энэ бөгөөд ийнхүү тэрбээр нэгдсэн улсын түүхэнд конгрессын танхимаар гэм буруугаа хоёр ч удаа шүүлгэсэн анхны ерөнхийлөгч болжээ. Хамгийн анх 2019 онд улс төр ашиг сонирхлын үүднээс Украины засгийн газарт дарамт үзүүлснээс гадна конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгаж, 2019 оны сүүлээр огцруулах асуудлыг хэлэлцэж байжээ. Тухайн үед төлөөлөгчдийн танхим Импичмент зарлахыг дэмжсэн санал өгсөн боловч Бүгд Найрамдах Нам олонхын суудалтай байсан сенатын танхим 2020 оны эхээр төрийн тэргүүнийг цагаатгасан юм.