Сурагчид теле, цахим хичээлд бүрэн хамрагдах боломжгүй байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлж, сургалтын үйл ажиллагаа 2-р сарын 15-аас эхлэхээр байгаа. Одоогоор цахим хэлбэрийн давтлага хичээлүүдэд сурагчид хамрагдаж байгаа юм. Тэгвэл сурагчдын хувьд, цахим сургалтын үед хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орох эрсдэл тулгарч байгааг зарим судалгаа харуулсан байна. Харин теле хичээлийг зохион байгуулагчдын зүгээс түүнийг арилгахын тулд тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайгаа хэлж байна. Цар тахлаас шалтгаалан өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ноос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хоёрдугаар сарын 3-аас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 600 мянган сурагч гэрээсээ теле, цахим хичээл үзэж эхэлсэн. Теле, цахим хичээлд зарцуулах төсвийг боловсрол шинжлэх ухааны яамнаас баталж, хичээлийн агуулга, төлөвлөгөөг боловсролын хүрээлэнгээс боловсруулж хичээлийг бэлтгэн сурагчдад хүргэж байгаа юм. Харин нийслэлд амьдарч байгаа сурагчдын төлөөлөл теле хичээлийг нэг үзээд 100 хувь ойлгоход бэрхшээлтэй байдаг. Тиймээс дахин нөхөж, зогсоож үзэн ойлгодог тухайгаа ярилаа. Тэгвэл бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл теле цахим хичээлийн хүртээмжийг судалсан байна. Судалгаагаар теле хичээл нийт сурагчдын 80 хувьд нь хүрдэг. Сурагчдын 20 хувь нь хичээлд огт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Тэдгээр хүүхдүүд нь интернет, тог цахилгааны үүсвэргүй алслагдмал амьдарч байгаа малчны хүүхдүүд байна гэжээ. Цаашид боловсролын салбар интернетгүй орчинд ч үзэх боломжтой бүх сурагч хамрагдах зайны сургалт явуулах зориулалтын хэрэгсэлтэй болох шаардлагатай байна. Мөн сурагчид теле цахим хичээлд суралцахад эцэг эхчүүдийн туслалцаа шаардагддаг учраас тэдэнд зориулсан сургалт мэдээлэл хүргэх зэрэг ажлууд хэрэгцээтэй байна гэсэн зөвлөмжийг бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслээс гаргажээ.