Ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоохоор судалж байна

Манай улсын нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд хамааралтай чухал хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Тодруулбал 22 жилийн настай "Хөдөлмөрийн тухай хууль"-аа эргэн харж, шинэчлэн найруулж байгаа юм. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох зэрэг үндсэн зохицуулалтуудыг тусгажээ. Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд тухайн үеийн нийгэм, хөдөлмөрийн нөхцөл байдалд тулгуурлан батлагдсан хууль. Харин 22 жилийн дараа хөдөлмөрийн харилцаанд орж ирсэн шинэ ойлголт, харилцаа, хэлбэрийг зохицуулах нийгмийн шаардлага тулгарсан учраас хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн найруулж, энэ намрын чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Хуулийн өөрчлөлтөөр ажил олгогч, ажилтны хуулиар хамгаалагдах эрх үүргийг тэнцвэржүүлэх, уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт ажиллаж байгаа ажилтны ажил амралтын цагийн дээд, доод хэмжээг хуульчлах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны ажил амралтын цаг, ээлжийн амралтыг зохицуулах зэрэг олон зохицуулалтыг тусгаад байгаа юм. Тэгвэл хуулийн зарим, зүйл заалттай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд, холбоод байр сууриа илэрхийлж байгаа. Тодруулбал, шинэчлэн найруулж байгаа хуулийн төсөл нь ажил олгогчийг торгуулийн системээр дарамталсан, ажил олгогч нарт халгаатай, ажил олгогч ажилтан хоёрын хооронд үл ойлголцол үүсэх эрсдэлтэй байна гэдгийг хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт ч илэрхийлжээ.